Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн мэдээлснээр өнгөрсөн 2012 оны сүүлийн гурван сарын хугацаанд компанийн орлогын хэмжээ 76 хувиар нэмэгдсэн байна. Ашиг орлого ийнхүү нэмэгдсэн нь Galaxy смартфоны борлуулалттай шууд холбоотой гэнэ. Дээр дурдсан хугацаанд компанийн цэвэр ашиг 7,04 их наяд вон буюу 6,6 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас хол давжээ. Өмнөх жилийн мөн үед компанийн цэвэр ашиг 4,01 их наяд воноор хэмжигдэж байв. Компанийн зүгээс мобайл салбараас олсон ашгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэв. Гэхдээ тэд үйлдвэрлэлийн дамжлагаас гаргасан болон борлуулсан смартфоны хэмжээг мэдээлсэнгүй. Зах зээлийн шинжээчдийн мэдээллээр дээрх хугацаанд “Samsung” 63 сая ширхэг смартфон борлуулсан бололтой.
Өнгөрсөн жил “Samsung” компани зах зээл дээрх гол өрсөлдөгч болох
“Apple”-ыг ардаа орхиж, дэлхийн хамгийн том смартфон үйлдвэрлэгчээр тодорсон билээ.
С.ЦЭЛМЭГ