
“Ардын эрх” сониноос үүдэлтэй “Монгол сервис” булангаараа бид иргэдэд хамгийн ойр байдаг үйлчилгээний доголдолтой, шүүмжлэлтэй талыг хөндөж, ололттой сайн талуудыг магтан алдаршуулдаг. Энэ удаад бид такси үйлчилгээний асуудлыг хөндөж байна. Танд ч бас энэ сэдэв нээлттэй. Ингээд эхний удаад таксигаар үйлчлүүлэгч нэгний “сэтгэл”-ийн үг хийгээд албан ёсны тодруулга, хууль журмын талаар хүргэж байна.
Хамгийн сайхан ажил бол таксины жолооч. Яагаад гэвэл өөрийн дур хүслээрээ ажиллах цагаа сонгож, үйлчлэхийг хүссэн хүндээ л үйлчилнэ. Гар өргөсөн ч түгжрэл ихтэй газраар явах хүнийг авахгүй, дургүй нь хүрвэл дуртай газраа буулгаад давхичихна.
Уг нь бол такси гэдэг их хотын нүүр царай болох мэргэжлийн үйлчилгээ байх ёстой. Гэтэл өнөөдөр манай “такси”-ныхнаас “чанарын өндөр төвшин”-д үйлчилдэг нь гарын таван хуруунд тоологдохоор цөөхөн. Нэг үеэ бодоход таксинуудын өнгө үзэмж, машины техникийн үзүүлэлтийн хувьд сайжирсан боловч жолоочийн харилцааны соёл тэг хэмжээг заасан хэвээр. Тэд өөрийн явж болохоор гэсэн чиглэл хэлсэн хүнээ суулгачихаад хувийн ярианд нь оролцох, эсвэл нийгмийн их бухимдлыг үйлчлүүлэгчдээ тохож, баахан зовлон тоочингоо хараалыг урсгаж өгнө. Замын бөглөрөл, хагарал, гэмтэл гээд олон л зовлон жолоочид байж болох ч тав тухаа бодоод өөрийг нь сонгон үйлчлүүлж байгаа хүнд элдэв асуудлаа тохох нь байж боломгүй мэт.
Саяхны нэг өглөө ажилдаа ирэхийн тулд такси барилаа. Гэтэл зам хазайж чадахгүй учраас намайг автобусны буудал дээр буу гэнэ. Уг нь би ажлынхаа үүдэнд хүргүүлэх л гэж такси барьсан юмсан. Зам дагуу автобусны буудал дээр буух байсан бол зөвхөн нэгдүгээр эгнээгээр явах давуу эрхтэй нийтийн унаандаа суух л байсан. Хар өглөөгүүр хүнтэй хэрэлдээд яахав гээд мөнгөө төлөхөөр 10 мянган төгрөг сарвайлаа. Гэтэл нөгөө “үйлчлүүлэгч бол хаан” уриатай нөхөр маань “мөнгийг чинь задлахгүй” гээд гэдийчихлээ. Ажил эхлэх цаг дөхсөн болохоор автобусны буудал дээр байх хүнсний мухлагаас ундаа авч байж мөнгөө задлуулаад төлбөрөө төлсөн.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод зохих ёсны зөвшөөрөлтэй 16 аж ахуйн нэгжийн 764 такси үйлчилгээнд явдаг гэсэн тоо бий. Эдгээр таксины “эрэлт”-ийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа нэг зүйл бол хотын даргын гаргасан шийдвэр. Иргэдийн автомашиныг дугаарын сүүлийн орноор нь ангилан замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахаар болсоноор такси ховордож, тэр хэрээр сонголт үйлчлүүлэгчдийн бус таксины жолоочийн талд байх болсон. Өөрийн унаагаар хөл дүүжлэх боломжгүй өдрөө өрөөлийн унаанд хөлсийг нь төлөөд дайгдахаас өөр аргагүй. Такси компанийн хаяг тэмдэггүй энгийн машинд гар өргөж, “халтуурны жолоочоор” үйлчлүүлсэн бол тэдний явах чиглэлд зохицуулахаас өөр аргагүй болж байгаа юм. “Халтуур”-ынхан ч яахав ийм байдаг юм.
Харин иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилнэ хэмээн энэ үйлчилгээг албан ёсоор эрхэлж байгаа компаниудын ажилчид болох таксины жолооч иргэдийг “хаа хүрэхээр” нь ялгаварлан гадуурхах ёсгүй баймаар. Гэтэл тэд хаа хүрэхийг нь асууж, таалагдсан бол унаандаа суулгачихаад хүрэх ёстой байгууллагын үүд, гэрийнх нь орцны өмнө яагаад буулгахгүй байна вэ?
Такси компаниуд бүгд өөрийн гэсэн дуудлагын утастай, бас хөөрхөн төлбөртэй. Гэтэл тэд бас л хаяг байршлыг нь харж байж үйлчлэх. Гэр хороолол руу орохгүй, эсвэл такси их явдаг зам дээр очихгүй гэх мэтийн зүйлийг өөдөөс хэлэх. Эсвэл ирэх ёстой цагаасаа өчнөөн минутаар хоцорно.
Таксины жолооч нар зам дээр гар өргөн зогсох хүмүүсийг “мөөг түүнэ” гэж нэрлэдэг юм билээ. Харин суусан хойноо түгжрэл дунд оруулчихсаныг нь “хортой мөөг идчихлээ” хэмээн хэлэлцдэг гэнэ. Улс төрийн намууд ээлжлэн төрийн эрхийг барьж “эвлэлдэн” нэгдээд, “олуулаа” зүтгээд ч шийдэж чадахгүй байгаа энэ замын бөглөрөл биднийг хүссэн хүсээгүй “хортой мөөг” болгож байна. Нэгэнт л гурав өнхрөөд түгжирч, гудамж тойроод гацаж байгаа энэ үед үнэ хөлсийг нь авч иргэдэд үйлчилж байгаа такси компанийхан ядаж үйлчилгээгээ сайжруулж, ажилчдынхаа харилцааны соёлыг дээшлүүлэх хэрэгтэй юмсан. Гэвч хаа хүрэхээ бид хэлж, хаана “хаях”-аа тэд мэдэх юм даа.
Нэг газраас нөгөө руу яарсан сандарсан хүмүүс хурдан, шуурхай, баталгаатайг нь сонгож таксигаар үйлчлүүлэх нь элбэг. Гэтэл суусан такси нь чанарын шаардлага хангахгүй үйлчлүүлэгчдийн бүхимдлыг төрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Бохир, эвгүй үнэртэй, зорчигчдоо буух газарт нь буулгадаггүй, илүү мөнгө нэхдэг, хариулт байхгүй гэдэг, давхар хүн суулгаж явдаг, хөгжмөө чанга тавьдаг, тамхи татдаг гээд л такси үйлчилгээний талаар ам муутай байдаг хүмүүс олон. Хүмүүсийг бухимдуулаад байдаг такси үйлчилгээний талаар Нийтийн тээврийн газрын гэрээ бүртгэлийн мэргэжилтэн З.Цэвээндоржоос тодрууллаа.
“Нийтийн тээврийн газар хувийн хэвшлийн такси үйлчилгээний компаниудтай гэрээ байгуулан хамтарч ажилладаг бөгөөд өнөөдөр нийслэлд 16 аж ахуй нэгжийн 764 такси үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр хамтарч ажилладаг байгууллагын таксинуудын үйлчилгээний чанарыг MNS: 5122 стандартын дагуу шалгаж ажилладаг” гэв. Мөн хувийн машинтай хүмүүс таксинд явдаг. Үүнийг хянаж, хязгаарлах эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй” гэв.
Такси үйлчилгээ үзүүлдэг бол ямар шаардлага хангадаг талаар Стандартчилал хэмжил зүйн газрын ОНХМ-ийн ажилтан Б.Дөлгөөнбаяраас тодруулахад “Стандартчилал хэмжил зүйн газраас 2002 оны гуравдугаар сард Нийтийн таксийн үйлчилгээний MNS: 5122 стандартыг боловсруулсан байдаг. Нийслэлд үйлчилгээ үзүүлж байгаа такси энэхүү стандартыг заавал дагаж мөрдөх шаардлагатай” гэв.
Заавал дагаж мөрдөх уг стандартаар бол такси үйлчилгээ ямар байх ёстойг болон хамгийн түгээмэл зөрчигддөг заалтууд юу байдгийг тоймлоё.
9.2. Тээвэрлэгч нь нийтийн таксигаар зорчигчдыг аюул осолгүй, тавлаг тохитой, соёлч шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрэн хангаж замналын таксийн хөдөлгөөний цагийн хуваарь, чиглэлийг хатуу баримтлан ажиллана.
9.5. Үйлчилгээнд гарахын өмнө нийтийн таксийн дотор, гадна талыг угааж, сандал, түшлэгийн бүрээс, бариул зэргийг арчиж цэвэрлэсэн байна.
9.6. Нийтийн таксийн үйлчилгээнд хөдөлмөр хамгааллын, техникийн, галын, хөдөлгөөний болон экологийн аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон стандартын хэмжээнд бүрэн хангасан байна.
10.2.3. Эзэмшиж байгаа автомашиныхаа өнгө, үзэмж, цэвэрлэгээ, тоормос, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, жолооны механизм, суудал түшлэг, эмийн сан, галын хор, бусад төхөөрөмж хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хариуцна.
10.2.6. Таксийн үйлчилгээний жолооч нь харьцаа соёлч боловсон, хөнгөн шуурхай, хот, суурингийн хүн амын байршил, хотын зам, замналыг сайтар мэдэж судалсан байна.
10.2.7. Жолооч нь зорчигчид нийтийн такси дотор тамхи татах, архи уухыг хориглож шаардлага тавих ба өөрөө зорчигчтой яваа үед тамхи татах, бохь зажлахыг хориглоно.
10.2.12. Нийтийн таксийн бүхээгт тавих радио, хөгжмийн чанга сулыг зорчигчийн хүсэлтэд нийцүүлнэ.
Такси үйлчилгээ үзүүлж байгаа бол эдгээр стандартуудыг заавал биелүүлэх ёстой юм байна. Такси үйлчилгээний компаниуд дээрх стандартын дагуу ажиллаж байгаа эсэхийг Нийтийн тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч шалгадаг бөгөөд хэрэв зөрчил илэрвэл Автотээврийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авдаг байна. Гэвч үйлчлүүлэгч бидний хувьд хаанаа хэнд гомдол гаргахаа мэддэггүй. Нийтийн тээврийн газарт гомдол ирүүлэх нь ч цөөн байдаг гэж мэргэжилтнүүд бас хэлж байна. Басхүү “гомдсон” хүн бүрт гомдол гаргаад хөөцөлдөх цаг зав байдаггүй ч байх.
Уг нь нийтийн тээврийн газарын 326323 утсанд такси үйлчилгээний талаар санал, гомдол гаргахад автотээврийн хяналтын улсын байцаагч нар таны гомдлын дагуу шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг байна. Тэгэхээр таксигаар үйлчлүүлээд сэтгэл ханамж муу үлддэг бид л хэлж ярьж арга хэмжээ авахгүй бол таксигаа муулсан хэвээр л үлдэнэ. Угаасаа өөр аргагүй гээд тамхины утаа үнэрлээд, чанга хөгжим сонсоод, илүү мөнгө төлөөд явдагтаа эвлэрэхгүйгээр мэргэжлийн байгууллагад нь хандаж сурвал такси үйлчилгээ ч сайжрах болов уу.