“Буллс” дорнодын шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Буллс” дорнодын шилдэг нь

NBA-ын дорнод бүсийн плей-оффын тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Харин өрнөдийн тэргүүн баг хэдийнэ тодорчихоод байгаа билээ.

Зүүн бүсийн өрсөлдөөнд голлон оролцож байгаа “Бостон Селтикс” болон “Чикаго Буллс” багууд өнөөдөр хоорондоо “тулжээ”. Улирлын MVP шагналыг хүртэх өндөр магадлалтай, гол тоглогч Деррик Роус өнөөдөр багаа сайн удирдан 30 оноо, найман оновчтой дамжуулалт, таван самбараас бөмбөг авалт хийсэн байна. Улмаар баг нь 97:81 харьцаатай “Бостон”-г буулган авч, тэргүүн байраа баталгаажуулжээ. Сүүлийн 19 тоглолтоос 17 хожил байгуулсан NBA-ын зургаан удаагийн аварга “Буллс” ойрын өрсөлдөгч “Майами Хит” болон “Бостон Селтикс”-ээс дөрвөн хожил илүү гарсан байна. Тэгэхээр үлдэж байгаа дөрвөн тоглолтод тэд бүгдэд нь л хожигдохгүй бол бүсийнхээ тэргүүн баг болох нь тодорхой болоод байна.

Агуу Майкл Жордан, Скотти Пиппен тэргүүтэй “Буллс”-ын эринээс хойшхи үсрэнгүй амжилтыг Роус тэргүүтэй залуу баг энэ улиралд үзүүлж байна. Багийн лидер Роус “Бид NBA-ын шилдэг баг болохын төлөө тэмцэж байгаа гэж би хэлсээр ирсэн. Улирлын өмнөх бэлтгэлээс л бид энэ талаар ярьж эхэлсэн. Бэлдэж эхэлсэн. Бид одоо жинэхэн тулаанд бэлэн болжээ. Бид хожлоор цангаж байна” гэжээ.
Тоглолтын эхэнд хувийн ур чадвараа энэ улирлыг бөмбөг таслалтаараа тэргүүлж байгаа NBA-ын сайн хамгаалдаг холбогчдын нэг Ражон Рондогийн эсрэг харуулан 16 оноо эхний хагаст авчээ. Лидерийнхээ ачаар эхний хагасыг 48:43 харьцаатай илүүрхсэн “Бухнууд” гуравдугаар үеэс багийн тоглолт үзүүлсэн байна. Луол Денг 23, Карлос Бузер 16 оноо аван багийнхаа хожилд хувь нэмрээ оруулсан аж.
Чухал хожил байгуулсан “Буллс” бүсийнхээ тэргүүн байрыг өвөртлөх нь тодорхой болж, энэ улиралд NBA-ын шуугиулж байгаа Деррик Роусын улирлын MVP болох магадлал улам ихэслээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж