Айн Рэндийн бүтээл бестселлерийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Айн Рэндийн бүтээл бестселлерийг тэргүүллээ

“Интерном” номын их дэлгүүртэй хамтран уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн бестселлер бүтээлийг долоо хоног бүр цувралаар танилцуулдаг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлерийн жагсаалтыг Айн Рэндийн  “Бид амьд хүмүүс” роман тэргүүллээ.

 Монсудар хэвлэлийн газар уншигчдадаа зориулан “Атлантын нуруу тэнийв”, “Капитализмыг өмөөрөх нь”, “Эх сурвалж” зэрэг бүтээлээрээ монголчуудын танил болсон нэрт зохиолч, нийтлэлч, философич Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” номыг хүргэсэн юм. Айн Рэнд бол Орос гаралтай Америк зохиолч. Тэрээр коммунизмын үзэл санааны эсрэг хүнлэг энэрэнгүй үзэл, либериализмыг тууштай дэмжсэн нийтлэл бичиж, 1960-аад оны капиталимзыг өмөөрсөн философи үзлийг тунхагласан хүн. “Бид амьд хүмүүс” номонд дайн байлдаан, коммунизм, төрийн үүрэг, хэлмэгдүүлэлт зэргийг хайр дурлал, хүмүүс хоорондын сэтгэлийн нарийн холбоогоор дамжуулан нээсэн нь их онцлог. Хайр сэтгэл, улс төр, хамт олонч үзэл, хүний мөс чанараас аль нэгийг сонгох сэтгэлийн зөрчилтэй Кира Аргуновын дүр бол эмэгтэй хүний оршихуйн асуудлыг хөндөж, хэрхэн өөрийнхөөрөө үлдэж чадаж буйг харуулсан сайн дүр. Энэхүү бүтээл бол филисофи талаасаа ч, уран зохиол талаасаа ч тэр орчин үеийн залуусын заавал унших номын нэг яах аргагүй мөн юм.

Мөн өнгөрсөн долоо хоногийн жагсалтад шинээр тааж боломгүй нөхцөл байдал, хатуу чанга дэглэм, золгүй баатруудтай “Өлсгөлөн тулаан” гурамсан романы дэд дэвтэр “Галаар наадагсад” роман багтжээ. Хүүхдийн зохиол, хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээлд хүч сорьж байсан Америкийн зохиолч Сүзаань Коллинз 2008 онд тэс өөр бүтээл, тэс өөр үнэнийг бидний өмнө дэлгэсэн юм. Хэдийгээр Капитолынхон болон Панемын 12 бүс гэдэг нь бодит бус ч түүнтэй дүйхүйц зүйлс бидний эргэн тойронд болсоор байна. Үүнд хамгийн их өртөгсөд нь хүүхдүүд л байдаг. Дэлхий ертөнцийн хөгжил хурдаа авахын хирээр хүмүүсийн хүсэл сонирхол, хүн чанар, бодол санаа хүртэл маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхдөө буруу зүг рүү буруу замаар урагшилсаар… Уран зохиолын  дүрүүд, зохиол доторх үйл явдлууд, гол баатруудын бодол санаа, хувь тавилангаар дамжуулан хүн төрөлхтөнд өгсөн дохио нь тус бүтээл байсан юм. Коллинзийн бүтээлүүд ихэвчлэн зөгнөлт, гэхдээ шинжлэх ухаан болон техникийн хэт үсрэнгүй хөгжлийг тусгадаг онцлогтой. Өл залгахын тулд “Өлсгөлөн тулаан”-д бүртгүүлж, нас биедээ хэтийдсэн зовлон зүдгүүрийг амссан Катнис охин, түүний найз Пийта, түүнчлэн хар багаасаа үерхсэн ч “зол”-гүйгээр үеэл нь болж хувирсан Гэйлийн хувь тавилан аль зүг рүү эргэж, Капитолын дарамт, бүсүүдийн тэмцэл дундаас тэдний гаргасан оч, гал болон дүрэлзэж чадах эсэх гээд “Галаар наадагсад” таныг төсөөлөмгүй адал явдлын эрэлд “мордуулна”. Орчин цагийн уран зохиолд хүч түрэн орж ирсэн, сая сая уншигчийн сэтгэлийг соронзон мэт татсан зохиол бүтээлийн нэг болох “Галаар наадагсад” романыг “Мон судар” хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр монгол уншигч залуусын гарт хүргэж байгаа бөгөөд тун удахгүй гурамсан романы гутгаар дэвтэр болох “Мокинжэй”-г монгол хэлнээ орчуулан хүргэхээр ажиллаж байгаа гэсэн таатай мэдээг дуулгасан юм.

Түүнчлэн, “Баримтат бүтээл”-ийн төрлийг “Эртний Түвдийн залуужуулах жор” ном тэргүүлсэн юм. Энэ ном нь хүмүүсийг эрүүлжүүлэн залуужуулахаас гадна ханиад харшлаас эхлээд хорт хавдрыг хүртэл бүх өвчнийг эдгээж архи тамхинаас гаргах, турааж гоолиг сайхан болгох, мөн тамирчдын амжилт хэрхэн дээшилдэг тухай болон хүссэн бүхнийг бодитоор хэрэгжүүлдэг дотоод ухамсараа яаж удирдаж сурах чадварыг бэлэглэх юм. Түвдийн гайхамшигт таван дасгал, залуужих үйл явцыг эрчимжүүлэх зарим арга зөвлөмжүүдийг нэмж оруулсанаараа уг бүтээл нь уншигчдын дунд эрэлттэй байгаа аж.

Уран зохиолын bestseller 10 ном:

  • “Бид амьд хүмүүс” – Айн Ренд
  • “Сорхугтани” – Б.Сарантуяа
  • “Галаар наадагсад” -Сүзаань Колинз 
  • “Ногонн нүдэн лам” Ц.Оюунгэрэл
  • “Луун шивээст охин” -Стиг Ларсон 
  • “Чонон сүлд” – Зян Рун 
  • “Үзэхийн хязгаар” – Л.Өлзийтөгс
  • “Домогт Ану хатан” -Б.Шүүдэрцэцэг
  • “Өлсгөлөн тулаан” –Сүзаань Колинз
  • Бөөгийн домог -Г.Аюурзана романууд тус тус багтжээ.

Баримтат бүтээлийн bestseller 10 ном:

  • “Эртний Түвдийн залуужуулах жор”
  • “Очир огтлогч”
  • “Oxford-Англи-Монгол Монгол-Англи өврийн толь бичиг”
  • “Монголын их хатдын нууц товчоо” – Жак Уэтерфорд
  •  “Өглөөний хүн” –Сайшо Хироши
  • Сургамжит өгүүллэгүүд-4 Empathy  
  • “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”- Жак Уэтерфорд  
  • “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх” –Дэйл Карнеги
  • “Алтан Дэйл Карнеги” –Дэйл Карнеги
  • “Бэлэгдэлт амьдрал” номууд номууд жагсаалтыг тэргүүлжээ.
Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж