УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж өнгөрөгч чуулганы хуралдаан дээр “Cонгуулийн пропорциональ тогтолцооны нэг сул тал нь О.Баасанхүү мэтийн хүн УИХ-д орж ирсэн явдал” гэх дүгнэлт хийлээ. Өөрөө хүртэл жагсаалтаар гарч ирсэн хэрнээ юуны учир ийн бухимдав. Түүнийг ийн бухимдахад хүргэсэн О.Баасанхүү гэгч хэн бэ.
“ЭМЭЭГИЙН ХҮҮ”
Ус зөөж, түлээ хагалан эмээ дээрээ өссөн. Аав нь жолооч, ээж нь хуучнаар төв түүхий эдийн баазад ажилладаг байсан. Их чийгтэй орчинд төрсөн болохоор рахидтай болж, долоон нас хүртлээ хөлөөрөө явж чаддаггүй бөгсөөрөө гулгаж явдаг байснаа өөрөө дурссан байдаг. Сүүлд эрүүл агаартай орчинд нүүж, гайгүй болсон ч бага насны энэхүү өвчинтэй нь холбоотойгоор 25 нас хүртлээ шүд муутай байсан. Ингээд бүх шүдэндээ бүрэн эмчилгээ хийлгэж байжээ. Бага нас бусдын л адил. Эмээгээ их нямбай, настайчуудын хэлдгээр хүрээний хүн байсан гэж тодорхойлдог. Эмээгээсээ сурсан хүмүүжил нь “юм сур” гэх сургааль байсан гэдэг. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуульд ерөнхий боловсрол эзэмшин, 1997 онд МУИС-ын Хуульзүйн сургуулийг төгсч Удирдлагын академид багшилснаар ажлын гараагаа эхлүүлсэн. Үүний хажуугаар олон улсын байгууллагад шашны эрх, хүний эрхийн чиглэлээр ажиллаж, магистр хамгаалсан. УИХ-д орж ирэхээс өмнө гурван жилийн хугацаанд түүний нэрийн хуудас “Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөх” гэх албан тушаалтай байв.
Түүний энэ амьдрал олны анхаарлаас холуур өнгөрсний адил түүнийг Ардчилсан намын идэвхигүй гишүүн байсан гэдгийг ч мэддэг нь ховор. Тэрээр 1994 онд Социалдемократ намд элссэн бөгөөд 2011 онд Ардчилсан намд өргөдлөө өгөн намаасаа гарч, МАХН-д элссэн. Энэ тухайгаа тэрээр “Миний багш Социалдемократ намыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг байсан. Багш маань "Сэхээтэн хүн сэхээтэн намд байх ёстой" гэж хэлээд оруулчихсан юмдаг” гэж тайлбарлажээ.
“ӨМГӨӨЛӨГЧ”
“Н.Энхбаярын өмгөөлөгч” гэх тодорхойлолт түүнийг улс төрд орж ирэх гүүр нь болсон гэж болно. МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурь, эрүүл мэнд, үзэл бодол бүхнийг олон нийтэд хүргэх гүүр нь болж байсныхаа төлөө авсан шагнал нь энэ. Зовж байх үед нь зугтаж, урвалгүй зүтгэснийх нь хөлс ч гэж хэлж болно. Мөн “Монгол Ардын Хувьсгалт Нам” гэх нэрийг авах боломжгүй гэж бүгд хүлээн зөвшөөрч байсан үед “болно” гэж зүтгээд Н.Энхбаяр даргадаа авч өгсөн нь түүний намдаа хийсэн гавъяа байв.
Уг нь түүнийг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр төлөвлөчихсөн байсан ч дөрөвдүгээр сарын 13-нд Н.Энхбаярын баривчилгаа болж хэдэн зуун хуудастай хавтаст хэрэгтэй зууралдах хэрэгтэй болж. Мэдээж тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид үүнтэй зууралдах зав байхгүй. Иймд түүнтэй тохироо хийсэн нь намын жагсаалтын наймд жагсах боломж байв.
Түүний өмгөөллийн карьер зөвхөн Н.Энхбаяраар илэрхийлэгдэнэ гэвэл хилсдүүлсэн хэрэг болно. Тухайлбал, тэрээр Д.Энхмандахын өмгөөлөгчөөр ажиллаж ХААН” банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь зарсан хэрэгт буруутгагдаж хэргүүдийг цагаатгасан. Таван жилийн өмнө энгийн нэг багш байсан Д.Энхмандах хотод ирж ажилд орсноор орон гэрээ алдаж, дөрвөн сартай жирэмсэн байхдаа хууль бусаар Ганцхудагт хоригдож насаараа тахир дутуу, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Үүний төлөө прокурорт 25 мянган төгрөгийн сахилгын арга хэмжээ авсан хэрэг дээр тэрээр өмгөөлөгчөөр ажиллаж байв. Мөн АТГ-ын дарга Э.Амарбатыг гүтгэсэн хэрэг, Ч.Сангарагчаагийн тагнаж чагнасан хэрэгт хохирогчийн талын өмгөөлөгчөөр ажилласан хэрэг, Гадаадад амь насаа алдсан Ганчимэгийн хэрэг дээр Өмнөд Солонгост очиж ажилласан. Мөн Хэнтий аймгийн иргэн Японы нэг иргэнтэй гэрлээд хүүхэдтэй болсон ч япон хадмууд нь хүүхдийг нь аваад явчихсан хэрэг гээд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэх тодорхойлолт бий.
“ЗАЛУУ ХҮҮХЭД”
2012 оны УИХ-ын сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болов. Түүнийг УИХ-д орж ирэхэд архаг гишүүдээс эхлээд олон хүн “Н.Энхбаярын ачаар нэг залуухан хүү парламентад ороод ирлээ” гэж үл ойшоож байв. Иймдээ ч түүний гишүүний ажлаа эхлүүлэх эхний PR нь “Би залуу хүүхэд биш” гэдгийг зарлаж, ойлгуулах байлаа. Үнэхээр түүний 37 насыг хэн ч тоохгүй байв. Гэнэт тодорсон, оворгүй төрх нь түүнийг хүүхэд шиг харагдуулж байв. Уг нь түүнтэй нэг үеийн оюутнууд гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Зам тээврийн сайд А.Гансүх нараар үргэлжилнэ.
Тэрээр Х.Тэмүүжинтэй оюутны ширээний ард ч “үзэж” байсан гэдгээ ярих дуртай. Оюутан О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын өрсөлдөөний талбар “Эврика” гэх эрдэм шинжилгээний хурал байв. О.Баасанхүү “Төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” гэх илтгэл тавиад шалгарч, Х.Тэмүүжин хоёрт орж байжээ.
Түүний ярьсан сэдэв, хөндсөн асуудал нь өөрийн эрхгүй Н.Энхбаяр гэх хүн рүү хальтарчихдаг. Үүнийгээ ч тэрээр нуудаггүй, сул тал гэж боддоггүй. Тэрээр УИХ-ын гишүүн гэх мандат авсан ч Н.Энхбаярын өмгөөлөгч гэх мандатаасаа салж чаддаггүй нь хийж буй ажил, хэлж буй үгсээс нь нэвт үнэртдэг.
Гэвч тэр үзэл бодолдоо тууштай. Түүний хэлсэн “Хүн эхлээд чамайг тоохгүй байна. Дараа нь чамайг шоолно. Дараа нь муулна. Эцэст нь чамайг дагана” гэх үг бий. Одоогийн байдлаар намайг шоолох талаас муулах тал руугаа явж байх шиг байна. УИХ-ын гишүүнээр дөрөв дэх жилдээ ажиллахад дагадаг болгоно гэдэгт итгэлтэй байна. Зөв зүйлийн төлөө явж байгаа юм чинь ард түмэн миний талд байх болно” гэх үг өөрийнх нь занг илтгэдэг.
Түүний хамгийн олон удаа хэлсэн үгийг шалгаруулбал “Н.Энхбаяр дарга” “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэх үгс хоршсон байдлаар тодроно. Үүнээсээ ч болж тэрээр олон олон гишүүнтэй ам мурийж “Н.Энхбаярын хүн” гэдгээрээ дуудуулдаг. Хамгийн их муудалцдаг хүн нь Х.Тэмүүжин сайд. Оюутны ширээний ард нэг удаа давж чадсан өрсөлдөгчтэйгээ парламентийн танхимд үзсээр байгаа ч одоогоор оноо авч чадаагүй л яваа.
“Өмгөөлөгчийнхөө ажлыг битгий УИХ-ын гишүүний мандатаар хийх гээд бай” гэх шүүмжийг олонтаа сонссон ч гөжүүд зангаараа шүүмжийг юман чинээ боддоггүй. Тэрээр хамгийн идэвхитэй хуралд оролцдог гишүүдийн нэг яах аргагүй мөн. Бараг хамгийн их асууж, хамгийн олон санал гаргадаг. Хурал тасалдаггүй нь гишүүн хүнд байх сайн чанар. Гэвч олонх нь хэлэлцүүлэгт ач холбогдол багатай зүйл ярьж, эсвэл Н.Энхбаярын асуудал руу хазайчих гээд байдаг сул талтай. “Хуралдааны цаг барлаа” “О.Баасанхүүгийн үнэ цэнэгүй асуултаас болж танин мэдэхүйн хичээл заасаар хамаг хугацаа өнгөрлөө” гэж нөхөддөө шүүмжлүүлдэг ч зарим асуудал дээр яахын аргагүй зөвийг дуугарч чаддаг. Хуулийн сургуульд номын дуу сонссон, иргэний эрхийн чиглэлээр өмгөөлөл хийж байсан нь түүнийг ийн иргэний нийгмийн дуу хоолой болоход нөлөөлдөг бололтой. Гэвч хэт их “үнэ цэнэ”-гүй яриа нь ийн зөвийг дуугарсных нь “үнэ цэнэ”ийг үгүй болгож орхидог.
Түүний намынхаа төлөө, намынхаа даргын төлөө хийсэн зүйл хэт их. Хэрэв Н.Энхбаярт өртэй гэж бодож байгаа бол төлөх ёстойгоо аль хэдийн хоёр нугалаад төлчихсөн. Тэр тууштай зангаа ашиглаад иргэдэд тустай ганц хууль дээр гардаж ажиллавал, О.Баасанхүүгийн хууль гэж нэрлэгдэх сайн хууль гаргаад орхивол түүний УИХ-ын гишүүн болсны хэрэг гарна. Тэгж чадвал тэрээр Ц.Нямдоржийн хэлсэн үгний бурууг батлах болно.