
УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад гурван бүлэг байгуулагдсан юм. Шинэ парламент байгуулагдаад хагас жилийн нүүр үзэх шахам байхад гишүүд одоо хэр нь ажлынхаа ритмд орохгүй байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаандаа хоцорч ирэх, нэг бол бүр тасалж амин хувийнхаа ажлыг амжуулах тохиолдол гарсаар л байгаа. Иймд олонхийн бүлэг цагаа барьдаггүй цадиггүй гишүүдийг хариуцлагатай болгохын тулд Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, өнгөрсөн долоо хоногт чуулганы босго давсан юм. Гол үзэл баримтлал нь УИХ дахь намын бүлэг нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийнхээ ирцийг 50-иас дээш удаа наймаас дээш удаа хүргээгүй нөхцөлд тухайн бүлгийг шууд татан буугдсанд тооцохоор заагаад байгаа. Харин энэ заалт цөөнхийн бүлгийн гишүүдийн алергиг хөдөлгөж, өөрсдийгөө бүр дунд сургуулийн ахлах ангийн 11 дүгээр ангийн сурагчтай дүйцүүлж, доошоо ороод байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдэгдлээр бол гишүүд хэдэн цагт ажилдаа ирэхээ бусдаар заалгахгүй юм байх. Энэ тухайгаа гишүүн “Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат биднийг арваннэгдүгээр ангийн хүүхэд, харин өөрийгөө ангийн дарга гэж бодоод байх шиг байна. Юм л бол сануулъя, та нар бод гэх боллоо. Манай бүлэг хийх ёстой ажлаа өөрсдөө мэдье. Тэгж ярих юм бол хэдэн цагт ажилдаа ирэхээ бусдаар заалгах ч үгүй юм байх шүү” гэж тодордог юм байна.
Үнэндээ бол өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн байнгын хорооны хуралдаан 08.30 цагт зарлагдахад цагтаа эхэлсэн нь үгүй. Бүгд гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлогдож байв. Уг нь дээрх цагт төрийн албаныхны ажил ид эхэлчихсэн, цэцэрлэгийн жаахан багачууд хичээлээ үзээд завгүй сууж байхад УИХ-ын гишүүд бараа ч үгүй байдаг. Тэгэхээр цагаа барьдаггүй, цадиггүй гишүүдийг хариуцлагатай болгоход УИХ-ын гишүүн М.Зоригт, Д.Эрдэнэбат нарын өргөн мэдүүлсэн дээрх төслийг УИХ баталж, гаргах нь сонгогчдод ч хамаатай зүйл болж хувираад байна. Учир нь УИХ-аас баталж байгаа хуулийн төсөл, тогтоолын төсөл бүрд ард түмний сонголтыг авч сонгогдсон түшээдийн санаа оноо мэргэнээр тусч, олон нийтийн эрх ашигт нийцэх нь чухал билээ.
Г.ДАРЬ