
Компьютерийн программист, интернет тэмцэгч Аарон Шварц энэ сарын дундуур амиа хорлосон байдалтай Бруклин дахь гэрээсээ олдсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл түүний үхэлтэй холбоотойгоор “Anonymous” гэх хакерийн бүлэглэл АНУ-ын Засгийн газрын ял оноох үйл явц, бодлогыг хянадаг агентлагийн сайтыг хакердсан тухай идэвхитнүүд мэдээлжээ. “ВВС”-ийн мэдээлснээр хакерууд өнгөрсөн бямба гаригийн шөнийн 00:00 цагаас эхлэн АНУ-ын Засгийн газрын агентлагийн сайтын нүүр хуудсанд видео мэдэгдэл байршуулахаар төлөвлөсөн аж. Энэхүү видео мэдэгдэлд “Хоёр долоо хоногийн өмнө Аарон Шварц нас барсан. Тэрбээр байж болшгүй сонголттой тулгарсан учраас нас барсан. Аарон Шварц хожиж чадахгүй тоглоомоо хүчээр тоглосноос нас барсан” гэж бичсэн байсан гэнэ. Гэвч хакеруудын сүрдүүлэгтэй хобоотойгоор АНУ-ын Засгийн газрын тус сайт тухайн өдөр ажиллаагүй учраас тэдний халдлага бүтэлгүйтсэн байна. Хакерууд хэсэг хугацааны дараа хоёр дахь удаагаа 21:00 цагийн орчимд халдлага хийж, улмаар 03:00 цагийн үед сайтын үйл ажиллагаа доголджээ.
“Сүүлчийн найдвар ажиллагаа” хэмээн нэрлэсэн хакеруудын уг халдлагыг толгойлогчийн мэдээлснээр АНУ-ын Засгийн газрын ял оноох үйл явц, бодлогыг хянадаг агентлагийн сайтыг сонгосон нь чухал шалтгаантай гэнэ. Учир нь шинжээчид 26-хан настай суутан Аарон Шварцын амиа хорлох болсон шалтгааныг ирэх хоёрдугаар сард болох байсан Холбооны шүүх хуралтай холбон тайлбарласан аж. Аарон Шварц шүүхээс түүнийг удаа дараагийн хакерийн хэрэгт буруутай гэж үзвэл 35 жилийн хорих ял сонсох болоод байжээ. Түүнчлэн Аарон Шварцыг нас барсны дараа гэр бүлийнхэн нь хүүгээ шүүхийхний хэтэрхий их дарамтнаас үүдэн хэт их айснаасаа болж амиа хорлосон гэж үзэн Америкийн гэмт хэргийг шүүх системийг буруутгасан байна.
Б.АНХТУЯА