Өнгөрсөн оны долдугаар сард манай улсад айлчилж, ажилласан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай болон түүнийг дагалдаж явсан албаны хүмүүст Монгол аялал жуулчлалын салбарыханд зориулж доорхи дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ.
2011 онд Монгол улс 457 мянга гаруй жуулчин хүлээж авч, 282 сая ам.долларын орлоготой ажилласан. Хятадын жуулчид нийт жуулчдын 43 хувь, Орос 22,5 хувь, Солонгос 9,6, АНУ 3,6, Япон 3,3 хувийг эзэлжээ. Харин Европын жуулчид харьцангуй бага буюу Герман 1,9, Франц 1,6, Их Британи 1,6, Австрали 1,6 хувьтай байна.
Хүн ам цөөн, жуулчдын маршрутууд хоорондоо алс хол оршдог, 5-9 сар хүртэл л жуулчлах боломжтой зэрэг сул талтай.
Монголын аялал жуулчлалын үйлдвэрлэлд авч үзэх ёстой хамгийн тэргүүний асуудал бол жуулчлалын бүтээгдхүүний чанар буюу зочид буудал болон гэр кэмпүүдийн үйлчилгээ, жуулчдад өгч байгаа хоол хүнсний чанар, гэр кэмпүүдийн эрүүл ахуйн чанар гэж үзсэн байна.
Зөвлөмж:
Аялал жуулчлал бол их орлогын эх үүсвэр. Мөн ажлын байр бий болгож, орон нутгийг хөгжүүлж, байгаль орчин, соёл уламжлалыг хадгалж үлдээх гайхамшигтай ач холбогдолтой үйлдвэрлэл юм. Монголд хамгийн их анхаарал татаж байгаа уул уурхайтай бараг тэнцүү хэмжээний хүн ажилладаг.
Төрийн үүрэг бага
Одоогоор төрийн гүйцэтгэх үүрэг энэ салбарт нилээн бага байна. Засгийн газар хэд хэдэн зүйл дээр үүрэг гүйцэтгэж, зохицуулалх хийх хэрэгтэй. Төр төлөвлөх, бодлого боловсруулах, салбарын стандартыг тогтоох, хэрэгжүүлэлтийг хянах, Монгол гэдэг брэндийг тодорхойлж, дэд бүтэц байгуулж өгөх, аялал жуулчлалын бизнес хөгжихийн өмнөх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой ажээ. Хуучин Байгал орчин аялал жуулчлалын яаманд таван хүн бодлого, төлөвлөлт, судалдаа, зөвшөөрөл олгох, хэрэгжүүлэх гээд олон ажил хийдэг байсан нь хангалттай хүн хүч биш юм. Одоо бол Спорт, урлаг, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлал хариуцсан 10 гаруй ажилтан байдаг юм байна.
Аялал жуулчлалын хөгжил яам, агентлаг болон орон нутгийн засаг захиргаатай харилцан уялдаатай, холбоотой ажиллах эсэхээс хамаардаг учраас Улаанбаатарт байгаа албаны хүмүүс хөтөлбөрөө үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд орон нутгийнхантай сайн хамтарч ажиллах хэрэгтэй.
Мэргэшсэн, ур чадвартай хүний нөөц
Улаанбаатарт Radisson, Hyatt, Shangri-la, Sheraton зэрэг жинхэнэ 5-одтой зочид буудлууд 2014-15 онд нээгдэх гэж байгаа нь мэргэшсэн хүн хүчтэй болох сайхан боломж юм. Яг үйлдвэрлэлийн түвшинд буюу зочид буудал, ресторан, гэр кэмпүүдэд үйлчилгээний ур чадвартай, туршлагатай ажиллах хүч дутагдалтай байна. Мөн зохион байгуулалтын төвшинд жуулчдын явах маршрутыг зохиох, байрлах газруудыг нь зохицуулах, ялангуяа маркетинг болон гадаад ертөнцийн сурталчилгаа хийдэг мэргэшсэн ажиллах хүч нэн дутагдалтай байна. Монголчууд залуусыг зөвхөн дотоод туршлагадаа үндэслэж сургах биш гадаадад сургавал жинхэнэ амжилтын туршлагад үндэслэсэн шинэ загвар гаргаж бусдыгаа сургаж чадна.
Дэд бүтэц сайжруулах
Монголд дэд бүтэц маш ядуу, хүчин чадал муу байна. Чингис хаан олон улсын нисэх буудал бол олон улсын ганц гарц. Дээр нь орон нутгийн бүх нислэгүүд үйлддэг ба нислэгүүдийн тоо хангалттай биш
Монгол орныг холбосон 49,000 мянган км замаас 1,300 км нь л хатуу хучилттай зам байна. Зам муугаас болоод жолоочгүй машин түрээслэх боломжгүй. Энэ мэт дэд бүтцийн бэрхшээлээс болж жуулчлалын бүтээгдхүүн асар үнэтэй болдог.
Аялал жуулчлалын Маркентинг төлөвлөгөө
Монголыг олон улсад танилцуулах хэд хэдэн стратеги боловсруулах ёстой. Зарим бүс хөгжиж, зарим нь уналтанд орж байна. Зарим оронд хүн ам нь хөгширч байхад нөгөөд залуужиж байна. Монголын компаниуд Европ, Япон зэрэг уламжлалт зах зээлдээ л анхаардаг. Орос, Хятад гэдэг Монголын хоёр том хөршийн иргэд Монголд хамгийн их орж гардаг. Тэд цаашид бизнесийн түншүүдээ, гэр бүл найз нөхдөө Монголд аялуулах бүрэн боломжтой учраас тэдэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тийм учраас Монголчууд зөв үйлчлүүлэгчдээ сонгож, зөв газраа зөв цагт байж чадах зөв стратеги нэн чухал шаардлагатай.
Мөн төр хувийн хэвшилийн хамтын ажиллагааг үр ашигтай ашиглаж төлөвлөлт, бүтээгдхүүн, дэд бүтцийн хөгжил, маркетинг, сурталчилгаа хүнийн нөөцөө хөгжүүлж чадвал аялал жуучлал монголын хамгийн өндөр өсөлттэй ашигтай салбарын нэг болж чадна гэжээ.