Багануурыг хүнд үйлдвэрийн хот болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Багануурыг хүнд үйлдвэрийн хот болгоно гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан энэ удаа нээлттэй болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнийхөө талаар гишүүдэд мэдээлэл хийлээ.

Төлөвлөгөөнд тусгаснаар нийслэлийн хүн амын төвлөрөлтөд анхаарал хандуулж ажиллахаар болсон байна. Тоон мэдээ дурдвал 2030 онд Улаанбаатар хотын хүн амыг 1.4 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар нийслэлийн хүн ам 1.2 саяд хүрсэн, хүн амын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг барьжээ. Тухайлбал, Багахангай дүүрэгт тээвэр ложистикийн төв байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн бүс болгох бол Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулагдахын зэрэгцээ хүнд үйлдвэрлэлийн төвийг байгуулах нь оновчтой гэж үзсэн байна. Тэгвэл Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрлэл дээрх дүүргүүдэд байгуулагдсанаар нийслэлийн хүн ам дагуул хотод суурьших бололцоо нээгдэнэ. Ингэснээр хэт төвлөрөл саарах боломжтой гэнэ.

Мөн гэр хорооллыг барилгажуулах хүрээнд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэс, Чингэлтэй дүүргийн долоон буудал орчмыг Дархан-Уул аймаг шиг хот болгож хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасан байна. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх тухайгаа хотын дарга мэдэгдлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сонгинохайран дүүрэгт хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх тухай яригдаад байгаа. Албан ёсны мэдээлэл хараахан олдохгүй байгаа тул үнэхээр ийм шийдвэр гарсан уу” гэдэгт тайлбар хүсэв.

Э.Бат-Үүл даргын тайлбараар бол тодорхой шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулагдан ажиллаад хэд, хэдэн хувилбар гаргасны нэг нь Сонгинохайрхан дүүргийн Ханын материал-2-т хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх нь тохиромжтой гэж үзсэн. НИТХ хуралдаад энэ саналыг дэмжвэл ирээдүйд хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт байгуулж болох талтай. Хамгийн гол нь шийдвэр гараагүй байгаа гэлээ.

Түүнчлэн дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг шинээр барихгүйгээр гэр хорооллыг барилгажуулах, дагуул хот байгуулахад хүндрэлтэй болохыг онцлоод энэ ажил ямар шатанд явааг сонирхлоо. Мөн Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаардаг тул үүнийг тэсч үлдэх хэдэн хувийн барилга байгаа. Мэргэжлийн хяналтын газраас анхааруулга авсан хэчнээн барилга байшин байгаа талаар хотын даргыг хариулт өгөхийг хүсэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Тавдугаар цахилгаан станц барьж байгуулах ажил судалгааны төвшинд явж байгааг тэмдэглэв. Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас амьдарч болохгүй гэж акт тогтоогдсон 16 барилга бий. Тэдгээрийг буулгасан. Зарим барилга нь нийтийн эзэмшлийн орон сууцных. Орон сууцыг буулгахаас өмнө оршин суугчдынх нь санаа бодлыг сонсолгүй зөвхөн хэдэн дарга нарын хүрээнд асуудлыг шийдсэнээс зарим нэг талаар хүндрэл үүсч зөвхөн барилгын компаниудын бизнесийнх нь үйл ажиллагааг дэмжсэн шийдэл болж хувирсан болохыг ч дуулгаад авлаа. Харин Улаанбаатар хотын хэмжээнд бол газар хөдлөлтийг тэсвэрлэж үл чадах 5 хувийн барилга байгаа гэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж