Арван жилийн дараах сүүтэй хурим

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Арван жилийн дараах сүүтэй хурим

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр анхны сүүтэй хуримын ёслол боллоо. Энэ түүхэн үйл явдлын гэрч болох хосууд нийслэлийн Налайх дүүргийн иргэн М.Мөнхбат, Ш.Нарантуяа нар. Хосууд  арван жилийн өмнө гал голомтоо бадрааж,  Амина, Мариям нэртэй хоёр охинтой болжээ. Нөхөр болох  М.Мөнхбат казах үндэстэн хэдий ч бие биеэ гэсэн чин үнэнч хайр сэтгэлээр гэргий Ш.Нарантуяатай казах үндэсний ёс дэгээр хуримын ёслолоо анх үйлдэж байсан хэмээн хуучиллаа. Энэ үеэр М.Мөнхбатын өвөг эцэг Есимхан Кибекейтэй цөөн хором ярилцсан юм.
 
-Ач хүү, бэр хоёр тань анхны сүүтэй хуримын ёслолыг үйлдлээ. Таны сэтгэгдлээс хуваалцмаар байна?
-Үнэхээр сайхан зүйл тохиолдлоо. Залуу хосын амьдралыг сүүгээр мялааж байгаад сэтгэл өндөр байна. Хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Архигүй Монгол” уриалгыг хуримын ордны хамт олон дэмжиж, ийм шийдвэр гаргасанд талархаж буйгаа илэрхийлье. Казах үндэстэн үндэсний баяраа архи, сархадгүй тэмдэглэдэг. Энэ уламжлал их сайхан. Монгол түмэн ч гэсэн алтваа баяр, наадмыг архи дарсгүй тэмдэглэж эхэлж байгаа нь сайн хэрэг юм. Ач хүү, бэр хоёрынхоо цаашдын амьдрал нь сүү мэт ариун байхыг ерөөе дөө.

-Казахууд монгол хүнтэй гэр бүл болох нь ховор. Таны хувьд ач хүүгийнхээ сонголтыг хэрхэн хүлээн авч байв?

-Казах, монгол хоёр нэг нутаг дэвсгэрт амьдарч байсан шүү дээ. Хүүхдүүдийнхээ хайр сэтгэлийг хааж боож болохгүй шүү дээ. Хүүхдүүддээ хоёр үндэстний уламжлал, ёс заншил, дэг жаягаа дагаж  зөв амьдрахыг л захидаг даа. Монгол, Казах үндэстний ёс дэгийг хүндэтгэж, баримталж явбал гэр бүл болох ёсгүй гэсэн хууль байхгүй шүү дээ гэлээ.

Мөн энэ үеэр сүүтэй хуримын ёслолоо үйлдсэн залуу хос М.Мөнхбат, Ш.Нарантуяа нарын сэтгэгдлийг хуваалцсан юм.

-Анхны сүүтэй хуримын ёслол үйлдэж байгаа та хоёрт баяр хүргэе?

-М.Мөнхбат: Баярлалаа. Үнэхээр гэнэтийн сайхан зүйл боллоо. Бидний хувьд арван жилийн өмнө анхны хуримаа гэр бүл, ах дүү нарынхаа хүрээнд хийж байсан. Харин өнөөдөр сүүтэй хуримын ёслолын салхийг хагалж байгаадаа баяртай байна.

-Ш.Нарантуяа: Миний хань казах хүн. Бид хоёр анхны хуримаа казах үндэстний ёс уламжлалаар хийж байсан. Арван жилийн дараа казах сүмд гэрлэх ёслолоо үйлдээд, өнөөдөр хуримын ордондоо сүүтэй хурим хийж байгаа нь ховор аз завшаан гэж бодож байна.

“Архигүй Монгол” уриалга гаргаж, сүүгээр хундага өргөсөн Ерөнхийлөгчийн санаачлагыг Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг дэмжиж энэ сарын 1-нээс гэрлэх ёслолыг архигүй хийх шийдвэр гарсан нь өнөөдрөөс биеллээ оллоо. Өнөөдрөөс Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх залуу хосуудын амьдралын дөрөөнд сархад биш, сүүн цацал өргөх нь. Гэрлэх ёслолын ордон архигүй орчин байх шийдвэрийг гаргасан Гэрлэх ёслолыэн ордны дарга Х.Оюунчимэгтэй энэ үеэр уулзлаа.

-Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, архигүй хуримын ёслол үйлдэх шийдвэрийг тань олон хүн сайшааж байна?

-Ерөнхийлөгч хоёр оны зааг дээр сүүгээр хундага өргөж, ард түмэнтэйгээ мэндчилсэн тэр өдөр л би залуу хосын амьдралын гараа сүүгээр эхлэх ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Манай хамт олон тодорхой хугацаанд бэлтгээд энэ сарын 1-нээс энэхүү шийдвэрээ хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр анхны ёслолоо үйлдлээ. Архидалт монголын нийгмийг, залуу гэр бүлийн амьдралыг доройтуулсаар байна. Тиймээс залуу хосуудын тулганд гал бадрааж байгаа энэ ордон архигүй, сүү шиг ариухан байх ёстой.

-Үүнээс хойш танайд хуримаа хийсэн бүх хосууд сүүтэй хурим хийхнээ?
-Тэгэлгүй яахав. Хэдэн арван жилийн дараа энэ өдрийг дурсаж, анхны сүүтэй хуримын ёслолын гэрч болсон хосуудын тухай бидний үр хойч ярих болов уу. Монгол хүн амны бэлгээр гэдэг шүү дээ. Эх орныхоо үйлдвэрийн сүү, цагаан идээг хуримын ёслолын идээний дээж болгож заншина.

Одоогоос 35 жилийн өмнө буюу  1976 онд байгуулагдсан Гэрлэх ёслолын ордон өдгөө 30-аад мянган хосын заяаг холбоод байгаа аж. Өнөөдрөөс хойш хэдэн зуун мянган хос энэ ордонд гэрлэлтээ батлуулж,  сүүн цацлаар дөрөөгөө мялаалгана шүү дээ. Монголчууд архинаас татгалзсаар байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж