Д.Батхуягийг Ганц худагт шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийг Ганц худагт шүүж байна

Хууль бусаар лиценз олгосон, бусдын хайгуулын лицензийг хууль бусаар сэргээсэн хэрэгт буруутгагдаад байгаа Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр 09.00 цагаас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж эхэллээ.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бар-Ирээдүй нарыг мөрдөн байцаалтын явцад хууль бус лицензтэй холбоотой авлигын хэрэгт буруутгаад байгаа юм. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоогоод байгаа. Мөн ашиглалтын эрхийн хугацаа нь дуусч, АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргасан “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид шилжүүлсэн байж магадгүй юм. 

Тэднийг шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч Д.Батхуягийн өмгөөлөгч өвчтэй, Т.Даваацогтын өмгөөлөгч Дархан-Уул аймагт шүүх хуралдаанд оролцож байгаа гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж