Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлэв

МҮБХ "Об капитал" ХХК-тай хамтран зохион байгуулдаг цагаан сарын сорилго улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр (01-27) болж өндөрлөлөө. Энэ удаагийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан Б.Сайнбаяр, Д.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Ц.Содномдорж, Т.Санчир, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Барилдааныг нээж "Об капитал" ХХК-ний захирал үг хэллээ.
           
Об капиталынхан уран барилдааныхаа шагналыг Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Завхан дэвжээ, Ханан группийн бөх аймгийн арслан Л.Лха-Очирт олголоо. Л.Лха-Очир арслан цэргийн арслан Б.Ганзориг, улсын заан Б.Сайнбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нарыг орхиж аймгийн цолтнуудаас шөвгийн наймд  ганцаараа үлдэж Б.Батмөнх начинд тахим буулгасан юм.

Тавын даваа

1. Г.Эрхэмбаяр у.а – И.Ёндонсамбуу у.н
2. Д.Рагчаа у.г – С.Батсуурь у.н
3. И.Доржсамбуу у.г – Ш.Мөнгөнбаатар а.х.а
4. Н.Ганбаатар у.г – Ду.Батбаяр у.н
5. Д.Баасандорж у.з – О.Гантулга а.х.а
6. Т.Өсөх-Ирээдүй у.х – Л.Лха-Очир а.а
7. Ц.Содномдорж у.х – Б.Батмөнх у.н

Зургаагийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.а – гоц мөргөв
2. И.Доржсамбуу у.г – Д.Баасандорж у.з
3. Н.Ганбаатар у.г – С.Батсуурь у.н
4. Б.Батмөнх у.н – Л.Лха-Очир а.а

Долоогийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.а – С.Батсуурь у.н
2. Д.Баасандорж у.з – Б.Батмөнх у.н

Наймын даваа
1. Г.Эрхэмбаяр у.а – Д.Баасандорж у.з
    /түрүүлсэн/                /үзүүрлэсэн/

Ийнхүү 2013 оны цагаан сарын сорилго барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээ, Хасвуу группийн бөх улсын заан Д.Баасандорж үзүүрлэлээ.

Төв аймгийн Баянхангай сумын харьяат ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Дүнжингарав дэвжээ, ИНЕГ-ын бөх  улсын начин Б.Батмөнх, Увс аймгийн Хяргас сумын харьяат ЦЕГ-ын  Хүч спорт хороо, Увснуур дэвжээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бөх улсын начин С.Батсуурь нар их шөвгийн дөрөвт шалгарав.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж