
Монгол үндэстний уламжлалт цагаан сарын баяр хаяанд ирээд байна. Айл бүр сар шинийн бэлэг сэлт гээд байдгаа барьж эхэлдэг баяр бол яалт ч үгүй цагаан сарын баяр юм. Өвөө, эмээ нар тэтгэврийн хэдэн төгрөгөө авч бор авдраа дүүртэл нь бэлэг сэлт авах нь тэр. Ирсэн, шинэлсэн хэнд ч болов бэлэг өгдөг нь цагаан сарын нэг онцлог гэлтэй. Сүүлийн жилүүдэд цагаан сарын бэлгийг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй шампунь, оймс, чихэр шоколад зэрэг Хятадын чанар муутай бараагаар өгдөг болоод байгаа. Энэ нь нэг талдаа үнийн хөөрөгдлийг дэмжих, эс бол урд хөршийн чанаргүй бараанд ард иргэд хордож хохирсоор нэлээд олон жилийг өнгөрүүллээ. Харин энэ жилийн цагаан сараар чанар муутай хүнд хэрэггүй зүйл өгөлгүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, үр өгөөж сайтай жинхэнэ ухаалаг бэлгийг өгөхийг уриалга болгоод байгаа юм. Зарим нь ч бүр гар цайлгах бэлэг өгөхгүй гэх юм. Нөгөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэх хүмүүс олон ч нөгөө бэлэг нь баахан оймс эсвэл нэгж болж хувирч магадгүй болоод байна. Бидний мэддэг үндэсний үйлдвэрлэл ганцхан оймс л байгаа юм. Уг нь манай үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бараа чанарын хувьд тун сайн байдаг. Гэвч реклам нь муу, олонд хүрээгүй нь асуудал юм. Гар цайлгахад тохиромжтой үнийн хувьд хямдхан тийм бараа бол монгол оймс гэдгийг хүн бүр мэднэ. Оймсноос өөр бэлэг олдохгүй бол энэ жилийн цагаан сарыг “Үндэсний үйлдвэрлэлээр оймсжуулах аян” гэж нэрийдэх хэрэгтэй болж байна. Орсон, шинэлсэн айл бүр оймс өгөөд байх юм бол ирэх жилийн цагаан сар хүртэл оймсны мөнгөө хэмнэж таарах нь дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монголчууд оймс тараах өдөр тун удахгүй ирлээ. Авсан бэлгээ чамлаж болохгүй учраас бэлгэнд оймс авах нь дээ. Гар цайлгаж байгаад нь баярлах л хэрэгтэй. Монголчууд оймстойгоо байхад цагаан сар сайхан болдгоороо болж л таарна. Бэлэг өгсөн нь ч сэтгэл хангалуун, авсан нь ч сэтгэл дүүрэн цагаан сарыг оймслог өнгөрөөцгөөе гэж уриалмаар байна. Харин ганцхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотооддоо үйлдвэрлэсэн оймс бэлгэнд өгөх хэрэгтэйг мартаж болохгүй шүү.
Э.БАЯСГАЛАНЭх сурвалж:"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
