Хэвлэлийн эрх чөлөөг хураах шахав

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөг хураах шахав

Юм бүрийг нураах, хураах, албадах, чөлөөлөх уриатай явж буй шинэ засгийн нүүрэн дээр хэвлэлийн эрх чөлөө ч хураагдах шахав. Тэртэй тэргүй хагас болчихсон хэвлэлийн эрх чөлөө төрийн халаасанд орчихвол юу болохыг 1990 оноос өмнө бичиг үсэгт тайлагдаж нас биед хүрээд байсан хүмүүс мэднэ. Бас 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа ганц телевизтэй хэд хоноход ямаршуу байснаар залуус төсөөлж болох юм.

Хэвлэлд төрийн дарамт ирж болох эрсдэл дагуулсан нэг хууль УИХ-аар батлагдахын даваан дээр хууль санаачлагч нь татаж авснаар энэ байдал арилав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн өөр өөр субъектын нэгэн зэрэг санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр төслийг УИХ-ын ажлын хэсэг нэг саванд нийлүүлж “нухаад” хэлэлцсэн нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах биш хумих шахсан ажил болжээ.

Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн төгсгөлийн шатанд хэлэлцэж эхэлсэн эл хоёр хуулийн төслөөс Ерөнхийлөгчийн санаачилсан нь хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлтэй байсан бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл дотор  харин ч эсрэгээрээ зүйл заалт нэлээд ороод байсан юм. Үүнийг ажиглагчид, судлаачид, сэтгүүлчид тухайн үед нь зөндөө хэлж л байсан. Гэвч хоёр төслийг нэгтгэхдээ хэвлэлийн эрх чөлөөг боомилох агуулга бүхий заалтуудыг Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн “их бие” дотор шигтгэн оруулсан нь ийнхүү Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслийг буцаан татах шалтгаан болов.

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Тамгын газрынхаа эрх бүхий хүмүүст мэдэгдэн хуулийн төслийг татсан юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч тайлбарлахдаа “Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн гол үзэл санаа нь энэ эрх чөлөөг дэмжиж баталгаажуулах ёстой. Хэлэлцүүлгийн явцаас харахад хуулийн утга санаа, зорилго өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан нь дээр” гэжээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөг Монгол Улсад баталгаажуулах, тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон тул хуулийн төслийг татаж авлаа” гэсэн тайлбарыг тэр даруйд нь өгч байв.

Уг нь сэтгүүлчид хамгийн гол нь “Бусдын нэр төрд халдаж гүтгэн доромжилсон” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан Эрүүгийн хууль дахь заалтыг өөрчилж иргэний журмаар шийдүүлж байх боломжийг Хэвлэлийн эрх чөлөөний хууль нээж өгөх байх хэмээн хүлээж байсан юм. Үүнийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, энэ сэдэвт зориулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хуульч, сэтгүүлчдийг оролцуулсан хэлэлцүүлгийг өнгөрсөн оны хавар хийж байв. Гэвч сэтгүүлчдийн хүсэн хүлээж байсан энэ найдвар талаар болсноор үл барам сайтуудын сэтгэгдлийг хаах ажлыг сэтгүүлч, редакцийн гараар хийлгэх, эзэд, хөрөнгө оруулагчдын дарамтаас хэвлэл, сэтгүүлчдийг чөлөөлөх нэрээр төрийн нөлөөг оруулж, төрийн мэдлээс салсан хэвлэл, мэдээллийн салбарт дахин эрх мэдлээ төвлөрүүлэх байдал илэрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан төслөө татан авлаа.

Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах бус хазаарлах, “хураах”, “нураах”-ын нэг хувилбар болсон хууль гарах шахсаныг таслан зогсоож чадав. Хэвлэлийн эрх чөлөөг жинхэнээр нь тунхагласан хуулийг сэтгүүлчдийн оролцоотойгоор батлуулах сайн цаг удахгүй ирэх биз ээ.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж