Банкууд зээлийн хүүгээ бууруулах “бодол”-гүй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Банкууд зээлийн хүүгээ бууруулах “бодол”-гүй байна

Монголбанкнаас өнгөрсөн оны сүүлчээр арилжааны банкуудын дунд зээл болоод хадгаламжийн хүүний талаарх судалгаа, санал асуулгыг явуулсан байна. Санал асуулгад 14 банкны удирдах албан тушаалтан оролцжээ. 2012 онд олгосон зээлийн хэмжээ долоон их  наяд  төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.1 хувиар өссөн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү 2.7 нэгж хувиар нэмэгдэж, 18.2 хувьд хүрчээ. Энэ нь нэлээд өндөр хувь хэмжээ гэдгийг хэн ч тайлбарлалтгүйгээр ойлгох байх. 2000-2007 онд гадаад дотоодын зах зээлд тааламжтай нөхцөл үүсч, зээлийн хүү буурч байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өсч, 18.2 хувьд хүрсэн байна.  Арилжааны банкны олгож буй зээлийн хүү 20 хувьд дөхөн очсон нь хэт өндөр үзүүлэлт гэж иргэд, аж ахуйн нэгжийнхэн үздэг. Тэгвэл банкныхан  өөрсдөө юу гэж үзэж байгааг тандах зорилгоор Монголбанкнаас  “Өнөөгийн байдлаар зээлийн хүү өндөр байна уу” гэсэн асуултыг  судалгаандаа оруулж өгсөн байна. Энэ асуултад олонх нь буюу 11 банкны удирдлага “өндөр байна” гэж хариулжээ. Зээлийн хүү өндөр байгааг эх үүсвэрийн өртөг өндөр, олдоц   хомс байгаатай холбон үзжээ. Бид  Монголбанкны  бодлогын хүүний өсөлт бууралт нь зээлийн хүүд шууд нөлөөлдөг гэж ойлгодог. Гэтэл банкуудын 57 хувь нь Төв банкны хүүд суурилж зээлийн хүүгээ тогтоодоггүй гэсэн байх юм. Гагцхүү эх үүсвэрийн зардал болоод бусад банкуудын дундаж хүү, хадгаламжийн хүүг голчилдог гэдгээ нуугаагүй байна.

Банкууд чухам ямар эх үүсвэрээр зээл олгодог нь хэн бүхэнд сонин. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар банкуудийн зээлийг бүрдүүлж буй гол хүчин зүйл нь  хадгаламж /53 хувь/ байдаг байна. Харин дараагийн байрыг харилцах /24 хувь/ эзэлсэн бол 16 хувийг гадаад эх үүсвэрээс бүрдүүлдэг ажээ. Эх үүсвэрийн ихэнх хувийг хадгаламж бүрдүүлж буй нь  хадгаламжийн хүүг өсгөхөд хүргэдэг төдийгүй банкуудыг томоохон хадгаламж эзэмшигчдээс хараат байдалд оруулдаг гэсэн дүгнэлт хийхэд хүргэж буй. Хадгаламжаас зээлээ гаргадаг болохоор зээлийн хүү нь хадгаламжийн хүүнээс шууд хамаарах нь мэдээж. Тиймээс хадгаламжийн хүүг бууруулахгүйгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй билээ. Харин банкуудын хувьд хадгаламжийн хүүгээ ойрын хугацаанд бууруулах “бодол”-гүй байгаагаа  илэрхийлжээ. Судалгаанд оролцогсдын зөвхөн ганцхан нь л гурван сарын дараа хадгаламжийн хүүгээ бууруулж болох юм гэсэн бол 54 хувь нь 3-6 сарын дараа, 15 хувь гь 9-12 сарын дараа хадгаламжийн хүүг бууруулах боломжтой гэсэн бол 15 хувь нь хадгаламжийн хүүг өөрчлөхгүй гэжээ. Ийнхүү хадгаламжийн хүүг бууруулаагүй тохиолдолд зээлийн хүүг бууруулах үндэслэлгүй гэдэг нь судалгаанаас харагдана. Тиймээс судалгаанд хамрагдсан банкуудын 36 хувь нь 2013 онд зээлийнхээ хүүг өсгөнө гэсэн бол 57 хувь нь өөрчлөлт оруулахгүй гэсэн бол ердөө долоон хувь нь л зээлийн хүүгээ бууруулна гэжээ. Эндээс банкууд эх үүсвэрээ нэмэгдүүлж гэмээнэ сая зээлийн хүүгээ бууруулах ажээ. Тиймээс арилжааны банкууд юун түрүүн хямд өртөг бүхий эх үүсвэр татах, үйл ажиллагааны зардлаа бууруулах, олон улсын зах дээрээс эх үүсвэр татах, эрсдэлээ бууруулах зэрэг арга хэмжээ авах нь зөв юм гэсэн дүгнэлтийг Монгол банк гаргажээ. Харин бодлого баригчдын тухайд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг бууруулж нэг оронтой тоонд хүргэх,хууль эрхзүйн  орчныг сайжруулах /тухайлбал шүүхийн зардал/, төв банкны бодлогыг зөөлрүүлэх, валютын ханшийг тогтвортой төвшинд барих хэрэгтэй байгааг дурджээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж