“Спортын салбар маань сул задгай байна“

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

“Спортын салбар маань сул задгай байна“

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар тамирчныхаа замналыг ерөнхийдөө дуусгаж, Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдсэн билээ. Өдгөө Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийн захиралаар ажиллаж буй түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр энэ төвийг удирдаж эхэлснээс хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ.

-Ярилцлагаа таны ажлаас эхлүүлье гэж бодлоо. Спортын бэлтгэлийн төвийн захирал болоод багагүй хугацаа өнгөрчээ. Ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл юу хийв?

-Миний хувьд өмнө нь зөвхөн өөрийнхөө төлөө, бас эх орныхоо нэрийг гаргахын төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг байлаа. Гэтэл одоо Монголын бүх тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдийн төлөө ажиллахаар болсон. Спортын салбарт хийх зүйл маш их байгааг би тамирчин байхаасаа л олж харсан. Өөрийнхөө харсан бүх зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Спортын бэлтгэлийн төвийн ажлыг авснаас хойш саад бэрхшээлүүд нэлээд гарч байгаа. Гэхдээ тэр болгон дээр шантраад байхгүй. Нэгэнт л би энэ ажлыг хийж чадна гэж зүтгэсэн учраас эцсийн үр дүнг нь үзтэл уйгагүй ажиллана.

-Ингэхэд Та энэ албанд ажиллах шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?

-Надад санал тавьсан юм. Тэгээд энэ ажлыг хийж чадмаар юм шиг санагдсан учраас хүлээн зөвшөөрсөн. Бас спортыг илүү өндөр хөгжүүлэх хүсэл тэмүүлэл маань намайг хөтөлсөн гэх үү дээ. Мөн залуу тамирчид, дүү нартаа халаагаа өгөх цаг нэгэнт болжээ гэж дүгнэсэн.

-Таныг энэ албанд очсоноос хойш багагүй хэл ам гарах болж. Хамгийн наад захын жишээ нь сагсан бөмбөгийн холбоодын хэрүүлд таныг оролцуулж эхэлсэн байх юм. Спортын төв ордны “А” заалыг Монголын сагсан бөмбөгийн холбоонд өгсөнгүй гэдэг ч юм уу?

-Сая Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж удаа дараа хэвлэлийн хурал хийлээ. Би бүгдийг нь анхааралтай сонссон. Тэд нар ярихдаа Б.Наранбаатар спортын бэлтгэлийн төвийн захирал болоод спорт холбоодыг ад үзлээ гэх мэтчилэн миний эсрэг зүйл нилээд ярьж байгаа.  “А” заалны тухайд гэвэл би ганц зүйлийг хэлнэ. Би энд заал хариуцах гэж ирээгүй. Надад тэрнээс илүү чухал олон ажил бий. Энэ ордонд Спортын төв ордны алба гэж бий. Тэнд менежмент хариуцсан мэргэжилтэн Бямбатогтох гэдэг хүн байгаа. Түүнтэй уулз, гэрээгээ байгуул гэж хэлсэн. Гэтэл МСБХ-ийнхон заалны зохицуулалтыг Б.Наранбаатар хийж байна гэсэн буруу ойлголтыг хүмүүст өгөөд байх шиг байна. Нэг ёсондоо би л МСБХ-ноос заалаа харамлаад өгөхгүй байгаа юм шиг зүйл ярьж байгаа. МҮСБХ-ны С.Тулгад долоо хоногийн таван өдөрт нь өгсөн мөртлөө биднийг ад үзлээ гэж шал утгагүй, тулга тойрсон зүйл ярьж байна гэж хэлмээр байна. Тэр хүнд өөр хийх ажил байдаггүй юм уу. Би гайхаж л байна. Ажлыг иймэрхүү маягаар явуулж болох уу. Б.Наранбаатараас болж манай лиг зогслоо гэсэн байна лээ. Би лиг зогсоодог хүн биш ээ. Дээр хэлсэнчлэн надад үүнээс ч их ажил байна. Өөрсдийнхөө хийж чадахгүй байгаа ажлыг бусдаас хайж байгаа нь зохисгүй үйлдэл биз дээ. Мөн төрийн байгууллагууд руу бүдүүлгээр дайрч байгааг нь гайхаж байна. Өмнө нь миний нэр дээр заналхийлсэн өнгө аястай албан бичиг ирүүлсэн. Хэрүүл тэмцлээ тэр МҮСБХ-тойгоо л хий. Б.Наранбаатар, Ц.Оюунгэрэл сайд гээд битгий төрийн байгууллага руу дайрч давшлаад бай гэж хэлмээр байна.

-МҮСХБ-нд таван өдрийг нь өгчихсөн юм биш үү?

-Тийм зүйл байхгүй ээ. МҮСБХ Спортын төв ордны “А” зааланд даваа, лхагва, баасан гаригт тэмцээнээ явуулахаар хамгийн түрүүнд гэрээ байгуулсан. Ингэхдээ тэд 18 цагаас хойш ердөө дөрвөн цагийн арга хэмжээ зохион байгуулахаар авсан байгаа. Гэхдээ энэ бүхэн надаас огт хамааралгүй. Тэд манай заал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, төлбөрөө төлөөд, гэрээгээ байгуулсан. Харин Б.Дашдорж гэж хүн бол долоон өдрийг тэр чигээр нь өгсөн мэтээр яриад байгаа. Нэг зүйлийг хэлэхэд спорт бол бүх нийтийн өмч, бас шударга өрсөлдөөн шүү дээ. Түүнээс биш нэг хүний эрх ашигт үйлчилдэг, хэн нэгний өмч биш юм.

-Тэгвэл Мягмар, Пүрэв, Бямба, Ням гаригууд нь сул байгаа юм байна шүү дээ?

-Өөр байгууллага гэрээ байгуулаагүй л бол мягмар, пүрэв гаригт заал сул чөлөөтэй байгаа. Үүнийг нь би Б.Дашдоржид хэлсэн. Харин бямба, ням гаригийн хувьд гэвэл манай улсад эрчимтэй хөгжиж байгаа спортын төрлүүд тэмцээн, уралдаанаа явуулж байг гэсэн үүднээс өгөөгүй. Томоохон спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, спартикиадууд болж байна. Монголд зөвхөн сагсан бөмбөг гэж спорт байхгүй шүү дээ. Олон төрлийн тэмцээн, олон байгууллагын үйл ажиллагааг энд зохион байгуулдаг. Бүгдэд нь хүртээмжтэй, хамруулж ажиллахыг чиг болгодог.  Би хүмүүсийн шүүмжлэл, санал бодлыг чөлөөтэй хүлээж авч, хүлээцтэй хандаж байгаа. Гэхдээ хэрэв удаа дараа мэдээлэл хийх нэрээр бусдыг гүтгэж, мөрөөрөө ажлаа хийж яваа хүнийг  доромжилсоор байвал би ч гэсэн зүгээр суухгүй гэдгийг хэлье.

-Ц.Оюунгэрэл сайдыг төрийн бус байгууллагын ажилд оролцоод байна гэж буруутгасан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Сайдыг үнэхээр тэр ажилд нь оролцоод байгаа, үгүйг би мэдэхгүй. Миний зүгээс бол тэдний асуудалд огт оролцохгүй. Хамгийн гол нь энэ бүхний цаана сагсан бөмбөг сонирхогчдын эрх ашиг байгаа гэдгийг мартаж болохгүй. Сагсан бөмбөг хөгжиж л байвал бид төрийн байгууллагын зүгээс боломжтой бүхнээрээ тусална.

-Сагсан бөмбөгийг тойрсон энэ маргаанаас болоод Монголын спорт холбоод дотроо хагаралтай байдаг юм байна гэсэн мессеж иргэдэд очжээ. Тэгвэл тэднийг чиглүүлэх тал дээр төрийн байгууллага ямар ажил хийх ёстой юм бэ?

-Энэ нь өөрөө хуультай шүү дээ. Спорт холбоодын асуудлыг илүү тодорхой, ажлыг нь зөв болгох тал дээр анхаарч байгаа. Манай холбоод төрийн бус байгууллагын тухай хуулиа барихгүй байгаа учраас хоорондоо үл ойлголцох зүйл мэр сэр гардаг. Хуулиа бариад явбал хэрүүл гарахгүй. Сагсан бөмбөгийн холбоон дээр жишээ авахад тэд найм, есөн жил хурлаа хийгээгүй байх жишээтэй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Төрийн бус байгууллагууд хуулийнхаа дагуу ажиллавал төр заавал тэдний ажилд оролцох шаардлагагүй. Харин олимпийн хороо жаахан хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Хяналт хэрэгтэй байна. Ажил хийе л гэж бодож байгаа бол хариуцлагатай байгаасай л гэж хүсмээр байна. Одоо хараад байхад төрийн байгууллага руу дайрч, давшилдаг буруу жишиг тогтож байна. Өөрийгөө чадахгүй гэдгийг мэдэж байгаа бол зайгаа тавиад өгөх хэрэгтэй. Ер нь бол тийм нийгэмд шилжсэн байна шүү дээ. Би ч гэсэн чадахгүй бол уучлаарай гээд ажлаа өгөх хүн чанар байх ёстой юм. Харин чадах зүйлээ бол чадна гэж хэлээд тууштай зүтгэнэ. Хүмүүсийн ухамсар дутаад байна гэх үү дээ. Аливаа нэг зүйл дээр хэл амаа ололцохгүй, хэвлэл мэдээллээр нэгнээ доромжилж, дайрвал эцэст нь тамирчид л хохирно шүү. Хоёр холбооны хэрүүлээс болж тамирчин, спорт сонирхогчид хохирвол хамгийн том эмгэнэл юм. Тиймээс энэ тал дээр аль ч талдаа ухамсартай хандах хэрэгтэй. Нийгэм өөрөө хүнээс ийм зүйлийг шаардаж байна. Ний нуугүй хэлэхэд, спортын салбар маань нэг л сул задгай байгаа байдал ажиглагдсаар байгаа.

-“Хасын хүлгүүд” гээд багийн асуудлыг спортын бэлтгэлийн төв, яамнаас зохицуулаад өгч болдоггүй юм уу?

-Үнэнийг хэлэхэд энэ тал дээр би юм хиймээргүй байна. Төрийн оролцоо орох гээд байгаа юм. Төртэй хамааралтай биш учраас бид энэ асуудал дээр оролцох шаардлагагүй.

-Тэгвэл сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохоор яах вэ?

-Энэ бол цэвэр олимпийн хорооны л ажил шүү дээ. Тэд хяналтаа тавиад, зөв базаад явах ёстой. Аль холбоо нь хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм бэ гэдгийг олимпийн хорооныхон хяналтаа тавьж баталгаажуулдаг.

-Хэрүүл маргааны асуудлаа хойш тавья. Нэгдүгээр сардаа багтааж шигшээ багаа байгуулах төлөвлөгөөтэй гэж байсан. Энэ сар дуусах дөхөж байна шүү дээ. Ажил ямар шатандаа явна вэ?

-Шигшээ багийг сонгон шалгаруулах журмыг хоёр сар хүлээлгэсний эцэст яамнаас баталж өгсөн. Бид журмын дагуу шалгалт аваад явуулсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад дасгалжуулагч нар бие дааж оролцох эрхтэй гэдгээрээ онцлог байлаа. Нэлээд өрсөлдөөнтэй, бас хэл ам дагуулж байна. Шалгалтыг бид авдаг журмаараа л авсан. Одоо яаман дээр сайд батлах ёстой. Гэтэл биднийг зарлаагүй байхад хэвлэл мэдээллээр шигшээ багийн дасгалжуулагч нарын нэрийг зарласан байна лээ.

Сонгон шалгаруулалтад Б.Наранбаатар бас нөлөөгүй. Яамнаас тусгай комисс ажилласан. Яам журмаа баталж, комиссоо ажиллуулсан. Комисс удахгүй шалгалтын дүнг зарлана.

-Шигшээ баг эцсийн байдлаар хэзээ тодрох төлөвтэй байна вэ?

-Удахгүй байх. Бид аль болох хурдлуулахыг яамнаас хүссэн. Тамирчид маань одоо дэндүү эзэнгүй байна шүү дээ. Яам шийдвэрээ батлах юм бол бүх зүйл эзэнтэй болно.

-Дасгалжуулагч нар ерөнхий эрдмийн мэдлэг, ур чадвараар дутагдалтай гээсэн шүүмжлэл байнга гардаг. Үүнийг танай байгууллага хариуцах ёстой. Тэгвэл энэ тал дээр ямар ажил хийх вэ?

-Үнэхээр тийм. Сая сонгон шалгаруулалтын төвшинг танилцуулж байхад ерөнхий эрдмийн мэдлэг муу байгаа нь харагдсан. Үүнтэй уялдуулан энэ жилийг “Сургалтын жил” болгохоор төлөвлөж байна. Мэдлэг, боловсролын талаар дутмаг байгаагаа дасгалжуулагч нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн. Гадаад хэлний мэдлэг, дасгалжуулалтын онол гэх мэт асуудал дээр бодитой анхаарахгүй бол бид хэтэрхий хоцрогдсон байна. Мөн гадны дасгалжуулагч нарыг ажиллуулах бодолтой байгаа. Гаднаас сургалтыг Монголруугаа чиглүүлэхгүй бол хоцорч байна. Би тамирчин байхдаа үүнийг анзаарсан учраас энэ тал дээр гол бодлогоо барьж ажиллах болно. Бас гадагшаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд явуулах хэрэгтэй. Гадаадын сайн багуудыг урьмаар байна. Ялангуяа боксын спорт дээр. Кубын шигшээг урих хүсэлтэй байгаа. Дөрөвдүгээр сард тамирчдаа Кубад хамтарсан бэлтгэл хийлгэхээр явуулах тал дээр тус улсын элчин сайдтай ярилцсаны дүнд нэрсээ өгөхийг хүссэн. Одоо боксын улсын аваргын дараа бүрэлдэхүүнээ тодруулж явуулна. Ардчилсан Солонгос улсад л гэхэд бокс, чөлөөт бөхийн тамирчдаа явуулах зам нь нээгдсэн. Ялангуяа залуу тамирчдын ур чадварыг ахиулах тал дээр анхаарлаа хандуулж байна даа. Ер нь энэ шигшээ өөрөө их шинэ баг бүрдэж байгаа. Лидер тамирчид цөөхөн. Бүтэн нэг үе солигдсон. Рио де Жанейрогийн олимпод шинэ залуучууд л амжилт гаргана. Хууччуулаас нь тун цөөн тамирчин үлдсэн. Тэгэхээр би бол шинэ ажил, шинэ баг авч байгаа. Шигшээ багийн дасгалжуулагч нар хүртэл шинэ баг бүрдэж байна. Тиймээс шинэ баг маань шинэ амжилтын төлөө л зүтгэнэ гэж бодож байгаа. Хуучин тамирчдаас цөөхөн хүн Рио де Жанейрог зорих байх.

-Шигшээ багийн албаны гол хийх ажил нь юу юм бол?

-Мэдээж тамирчдын бэлтгэлжилтийг өндөр төвшинд хангах, тэмцээн уралдаанд оролцуулах үүрэгтэй. Эхний ээлжинд хийсэн бол нэгдсэн II эмнэлэгтэй үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа. Үүгээр дамжуулан бид тамирчдын өнөөдрийн эрүүл мэнд ямар төвшинд байгааг тогтоосон. Их спорт бол эрүүл мэндийн эсрэг шүү дээ. Нэг талаараа хэцүү. Нийтийн биеийн тамирын спорт бол эрүүл мэндийнхээ төлөө явдаг. Их спортыг эрүүл мэндийн эрсдэл, өвчлөл их гардаг. Шигшээ багт орж байгаа бүх тамирчид нарийн мэргэжлийн эмчилгээнд ороод, одоо эмнэлгийн албан дээр анализ, судалгаа хийж байна. Үүний үр дүнд жилийн эхэнд бид тамирчдынхаа өвчнийг тогтоож, түүн дээр тулгуурласан эмчилгээг хийлгэж, дасгалжуулалтаа явуулахгүй бол дутагдалтай зүйл их гардаг. Дараа нь даатгалын асуудлыг ярих байх. Тамирчин даатгалтай байх ёстой. Даатгалдаа хамрагдах юм бол үүнийг дагаад эрсдэл нь буурч байгаа. Би өөрөө тамирчин байсан. Тамирчны зовлонг маш сайн мэддэг учраас тэдэнд тулгуурласан ажлуудыг хийнэ. Мөн спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албатай хамтарч сэтгэлзүйн чиглэлийн сургалтыг явуулах бодолтой байгаа. Одоохондоо бид бэлтгэл ажлаа хангаад л явж байна. Хэзээ шигшээ баг бэлэн болно. Тэр өдрийнх нь маргаашаас төлөвлөсөн ажлуудаа эхнээс нь хэрэгжүүлнэ. Хувь хүний хөгжил өндөр байж чадвал амжилт гарах юм. Энэ мэтчилэн хийх ажил үнэхээр их байна. Харин бид хийж амжих нь уу, үгүй юү. Спортын салбарын ажил харьцангуй задгай байна.

-Тамирчин байж байгаад төрийн албанд очлоо. Төрийн их ажлын хажуугаар бэлтгэл сургуулилт хийж байна уу?

-Бэлтгэл хийх цаг зав маш бага. Удирдах ажил гэдэг бол дандаа бодлогын шинж чанартай. Өдөр бүр л оройтож байна. Хамгийн эртдээ л гэхэд 21 цагт гэртээ харьдаг. Одоо надад хэн нэгний эрх ашиг сонин биш. Харин Монголын спорт яах вэ л гэж бодож байна. Энэ бол миний толгойны өвчин болоод байгаа. Долоо хоногт хоёр удаа цайны цагаараа хүчний бэлтгэл хийдэг. Орой болохоор ажилдаа ядраад, бие сульдаад бэлтгэл хийх идэвх төрдөггүй юм байна. Дандаа суугаа ажил хийх тийм ч амар зүйл биш байна шүү /инээв/. Тийм болохоор эрч хүчтэй байх яг дунд үед нь бага зэрэг хүчний бэлтгэл хийж байгаа.  

-Тэгвэл тамирчныхаа карьерыг үүгээр дуусгаж байгаа хэрэг үү. Албан ёсоор зодог тайлах уу гэж асуух гээд байна л даа?

-Энэ онд чөлөөт бөхийн багийн халз тэмцээн зохион байгуулаад, тэр үеэрээ албан ёсны зодог тайлах ёслол хийдэг юм бил үү гэсэн бодол байгаа. Гэхдээ хугацааг нь товлоогүй. Лигийн журмаар ганц удаа багуудын халз барилдаан зохион байгуулж, шагнал урамшууллыг нь ч гэсэн боломжийн байлгах тэмцээн хийе гэж бодоод л сууж байна. Ер нь бол аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ. Өнгөрсөн жил би дүү нартаа хэлж л байсан. Нэг л өдөр би барилдахаа болино. Тэр үед дүү нар бэлэн байгаарай. Өрсөлдөнө гэдэг бол Монголд биш дэлхийд өрсөлдөхийг хэлж байгаа юм. Тэр хэмжээнд өөрийгөө бэлдэх ёстой. Мэдээж дотоодын өрсөлдөөн байна. Гэхдээ бидний өрсөлдөх талбар бол дэлхийд шүү дээ. Би хэн бэ гэдгээ Монголоос гараад таниулах хэрэгтэй. Тийм болохоор би барилдахаа больсон юм чинь дүү нар дотроо нэгийг бодож байгаа байлгүй. Шигшээ багийг байгуулсны дараа бэлтгэл дээр нь орно гэж бодож байгаа. Миний өндөр форм алдагдаагүй, мэдрэмж буугаагүй дээр 55, 60, 66 кг-ын жинд барилддаг залуучуудад өөрийнхөө сурсан, мэдсэн бага ч гэсэн мэдлэгээ хуваалцахыг хүсч байна.

-Ирэх гуравдугаар сард чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн манай улсад анх удаа болох гэж байна. Энэ тэмцээнээс та юу харж байна вэ?

-Эмэгтэйчүүд маань амжилт гаргана. Гэхдээ хамгийн гол өнөөдрийн эзэнгүй байдлаа яаралтай зогсоох хэрэгтэй. Яг одоогийн байдлаар над дээр тамирчдын нэрс ороод ирсэн байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд дэлхийд өндөр амжилттай байгаа. Дэлхийн аваргаас гурван медаль авч, багаараа гуравдугаар байр эзэлнэ гэдэг том амжилт шүү дээ. 1987 онд эрэгтэй баг анх дэлхийн цомд оролцож, үүнээс 15 жилийн дараа буюу 2002 онд бидэнд дахин боломж олдсон. Үүнээс хойш эрэгтэй баг дэлхийн цомд оролцож чадахгүй байна. Чөлөөт бөхийн дэлхийн цом бол онцлогтой. Жүдо дээр дэлхийн цом гээд дөрөв, таван цуврал тэмцээн зохион байгуулаад дуртай нь ордог. Чөлөөт бөхөд үгүй юм. Дэлхийд багаараа эхний наймд багтаж чадвал дэлхийн цомд оролцох эрхтэй болно. Багаараа эхний наймд багтахын тулд дэлхийн аваргаас доод тал нь гурван медаль авах ёстой. Ийм шилдэг наймд багтаж чадсан манай эмэгтэйчүүд эх орныхоо дэвжээнд амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна. Зөв хүмүүсээ сонгож оруулах хэрэгтэй. Дэлхийн цомын онцлог гэвэл баг нь тухайн жинд барилдах тамирчнаа өрсөлдөгчдөө тааруулж сольж болдог. Би бүсгүйчүүдээрээ бахархдаг. Чансаагаараа дэлхийн аваргын дараа ордог энэ тэмцээнд эх орныхоо дэвжээн дээр амжилт гаргаарай гэж ерөөе.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж