Шөнийн клубт гал гарч, 233 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Шөнийн клубт гал гарч, 233 хүн амь үрэгджээ

Бразилийн өмнөд нутагт орших Рио Гранде до Сул мужийн Санта Мария хотын “Kiss” хэмээх томоохон шөнийн клубт гарсан галын улмаас 233 хүн амиа алдсан хэрэгт өнөөдөр гарчээ. Гал сөнөөгч, аврагчид галыг бүрэн унтраасан бөгөөд одоогоор галд шатаж болон угаартаж амиа алдсан хүмүүсийн цогцсыг барилгаас гаргаж буй тухай Иргэний хамгаалалтын газрын бүсийн зохицуулагч Адиломар Силва гэгч мэдээлсэн байна.

Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь утаанд угаартаж, нас баржээ. Мөн хэдэн зуун хүн гэмтэж, бэртсэн байна. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоогүй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 233 хүн нас барсан бөгөөд амиа алдагдсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Гал гарах үеэр “Kiss” шөнийн клубт 300-500 хүн байжээ.

Албаны хүний мэдээлснээр гал шөнийн 02.00 цагийн орчимд гарсан байна. Хамгийн түрүүнд дуу тусгаарлагч хана шатаж эхэлсэн гэнэ. Гал гарах үед шөнийн клубт галт шоу үзүүлбэр болж байсан аж. Галын шалтгааныг тодорхойлоогүй байгаа бөгөөд албаны хүмүүс одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна.

“Kiss” шөнийн клуб нь Санта Мария хотын томоохон шөнийн клубуудын нэг бөгөөд амралтын өдрүүдэд шөнөдөө 2000-3000 залууст үйлчилдэг аж. Харин Санта Мария хот нь 250 мянга гаруй оршин суугчтай, их сургуулиуд төвлөрсөн оюутны хэмээн тодотгож болох хот юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж