Төрөлжсөн хичээлийн олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Төрөлжсөн хичээлийн олимпиад боллоо

Баянхонгор аймгаас шинжлэх ухааны салбарт төрийн шагнал хүртсэн анхны эрдэмтэн, Төрийн соёрхолт, химич Банзарын Доржпаламын нэрэмжит байгалийн ухааны хичээлийн аймгийн аварга шалгаруулах олимпиад саяхан болж өндөрлөлөө.

Тус олимпиадыг аймгийн Боловсрол соёлын газар, “Номундалай” цогцолбор сургууль болон Б.Доржпалам агсаны гэргий “Доржпалам” сангийн тэргүүн Б.Бор, төрсөн дүү Б.Надмид нар зохион явуулжээ. Хүүхэд багачуудын оюуны чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн хавар ероөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сум, аймаг, улс бүсийн олимпиадууд зохиогддог болсоор 13 жил болжээ. Энэ жил ч уламжлалын дагуу аймгийн аварга шалгаруулах монгол хэл бичиг, математик, гадаад хэл, шинжлэх ухааны хичээлийн олимпиадууд болсон юм.

9-11 дүгээр ангийн сурагчид болон хими, биологи, газарзүйн хичээлийн багш нарын дунд зохиогдсон олимпиадад 200 гаруй сурагч, 30 гаруй багш оролцсон байна. Олимпиадын химийн хичээлийн төрөлд багш нараас “Номундалай” цогцолбор сургуулийн багш н.Цагаан, Биологийн багш нараас Өлзийт сумын С.Лхамдинмаа, газарзүйн багш нараас “Эрдэнэмандал” ахлах сургуулийн багш н.Цэцэгмаа нар тус тус тэргүүлжээ.

“Хөдөө орон нутгийн сургуулиудын сургалтын чанарыг нэмэгдүүлэх, багш сурагчдын идэвхи санаачлагыг дээшлүүлэх, элсэлтийн шалгалтын бэлтгэл болгон тус олимпиадыг явуулдаг. Олимпиадад жил ирэх тусам багш сурагчдын идэвхи оролцоо, чадвар нэмэгдэж байна” гэж зохион байгуулагчид нь онцолж байв.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж