
Монголчуудын нийтээр тэмдэглэдэг баяруудын нийтлэг онцлог нь бусаддаа бэлэг бэлддэгт байдаг. Үүнийг нь наймаачид “хэн ч авахгүй бараагаа бэлэгний уутанд хийж борлуулах боломж” гэж ойлгодог.
Энэ удаагийн “Цагаан сарын баяр” өмнөх жилүүдийн жишгээ мөн л давтав. Өнөө л эсгий шаахай, суран бүс мэттэй үзэсгэлэн худалдаа, хөрш орноос оруулж ирсэн чанар муухан бараагаар чигжсэн захууд, түүнийг нь уутаа дүүртэл цуглуулж аваад буцах худалдан авагчид гээд л. Ихэнх орнуудын гол баяр болох Шинэ жилтэй дүйх үндэснийхээ баяр Цагаан сарыг хямдарч, баярлуулдаг сар болгох бодлого даанч анзаарагдсангүй байсаар өдийг хүрлээ. Энэ жилийн хувьд ядаж гар цайлгах бэлэгийг үндэсний компаниудын бүтээгдэхүүнээр хангах гэж оролдсон боловч олон нийтэд хүрсэн арга хэмжээ болсонгүй. Уг нь үзэсгэлэн худалдааг нь зохион байгуулж, үзэсгэлэн худалдаанд оролцох талбайн үнийн 50 хувийг Засгийн газраас хариуцах, Ерөнхий сайд нь өөрөө үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалах зэрэг арга хэрэглэсэн ч нийт худалдан авагчдын сонголтонд нөлөөлөх хэмжээнд дөхөж ч чадсангүй.
Нийтэд биш, нэг хэсэгт нөлөөлөх арга хэмжээ таарахгүйг ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл энэ удаад ч мөн урьдын адил гадагшаа урсч байгаа мөнгөн урсгалыг үндэсний үйлдвэрлэгч рүүгээ чиглүүлж чадсангүй. Нэг талаар гаднаас сонгох бэлэгнээс дотоодод үйлдвэрлэсэн нь болхи, бүдүүлэг байгаа үед “үндэсний үйлдвэрлэгчдээ сонго” гэж шахах нь өөрөө бүдүүлэг хэрэг. Гэвч хэдэн сар идэх мөнгөө хэдхэн өдөрт идэхээр гөвөхдөө хил давуулан сэгсэрнэ гэдэг даанч харамсалтай.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрынханы түрээсийн гэрээг зургадугаар сарын 1-нээс хийе гэсэн уриалга эртхэн гарч, хэрэгжсэн бол юмны үнэ өсөхгүй байх өөр нэг боломж болох байв. О.Магнайгийн хэлснээр “Олон жилийн дунджаас үзэхэд манай улсад оны эхний 1-4 сарын үед бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэж, жилийн өсөлтийн 70-80 хувийг эзэлж байна. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь түрээслэгчдийн түрээсийн гэрээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхэлдэгтэй холбоотой судалгаа бий. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн ашиг орлогоо тооцоод, үнийн өсөлтийг түрээсийн гэрээнд тусгадаг. Ингэхээр үнэ өсөх шалтгаан болж, ард иргэдэд баяр ёслолын өмнө дарамт учруулдаг” гэнэ.
Энэ удаад бид боломжийг ашиглаж чадсангүй. Харин дараагийн удаад ямар хямруулдаг биш хямдруулдаг баяр тэмдэглэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгох л хэрэгтэй.