Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд 20 гаруй орон нэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд 20 гаруй орон нэгджээ

Дэлхийн Эзийн засгийн чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид” сэдэвт хуралдаанд оролцов.

Дөч гаруй жилийн түүхтэй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй санхүү, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс анх 22 жилийн өмнөөс оролцож эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс зөвхөн оролцогч орон бус санаачлагч, хэрэгжүүлэгч, хамтран ажиллагч хийгээд идэвхитэй нөлөөлөгч орон болохын тулд тодорхой асуудлууд дээр, тухайлбал ус, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт болон авлигын сэдвүүд дээр байр сууриа идэвхитэй илэрхийлсээр ирлээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сард уул уурхай, төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн асуудлаар хуралдсан тусгай хуралд оролцохдоо өмнө нь явж ирсэн зөвхөн төр болон хөрөнгө оруулагч хоорондын хоёр талын харилцааг өөрчлөн шинэ хандлагаар өргөжүүлж “олон оролцогчидтой” болгох тухай санаачилга гаргасан. Байгалийн баялаг ихтэй орнуудад уул уурхайн ордуудыг зүй зохистой ашиглах явдал тулгамдсан асуудал болж байгаад дүгнэлт хийн орон нутгийн иргэдийн эрх ашиг, төрийн бус байгууллагын оролцоо, хэвлэл мэдээллийн оролцоо, байгаль орчны асуудал зэрэг оролцогдчын тоог өргөтгөх нь уг санаачилгын зорилго байв. Улмаар Монгол Улс “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”-ыг гаргасан бөгөөд одоогоор 20 гаруй орон дээрх санаачилгад нэгдээд байна. Энэ санаачилгын дагуу хэлэлцүүлгийг Ази, Африк, Латин Америкийн 10 гаруй оронд зохион байгуулж олон орны засгийн газар, ТББ-ууд болон уул уурхайн 400 гаруй мэргэжилтний нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн саналд тулгуурлан “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга” загвар зөвлөмжийг гаргасан юм. Уг зөвлөмжид олон улсад үйл ажиллагаа явуулж буй 22 төслийн туршлага, Монгол, Чили, Либери, Гана зэрэг байгалийн баялагийн асар их нөөтэй харьцангуй хөгжил буурай орнуудаар жишээ аван судалгаа хийж, уул уурхайд түшиглэн хэрхэн хөгжих талаар загварчлал боловсруулсан юм. Санаачилга хэрэгжсэнээр Монгол Улсын хувьд ашигт малтмалын тухай эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох, ашигт малтмалаа ард иргэддээ ээлтэй, зөв зохистой ашиглахад мэдэгдэхүйц ахиц гарах учиртай.  
 
Энэ удаагийн уул уурхайн асуудлаарх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос гадна Гивнейн Ерөнхийлөгч Алфа Конде, Перугийн Ерөнхий сайд Хуан Мэйр, Зимбабийн Ерөнхий сайд Морган Цвангирай нар болон дэлхийн хамгийн шилдэг 15 уул уурхайн компанийн төлөөлөл, мөн бусад улс орнуудын төр засгийн төлөөлөгчид оролцов.

Хурлын үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ говьд олборлолт нь, Улаанбаатарт шийдвэр гаргачид нь сууж байдаг, хөрөнгө оруулагчид нь Лондонд, мөнгө нь бас нэг олон улсын биржид байж байдаг, хоорондоо уялдаа муутай, авцалдаагүй байдлыг шинэчилж, хамтын ойлголцол, үр дүнтэй шийдлийг бий болгоход дээрх санаачилга хэрэгтэйг онцолж байв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж