Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардлаа











УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нар Төрийн
ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хий
лээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
уулзалтын эхэнд “Монгол улсын эрх ашиг нь нам эвслийн эрх ашгаас дээгүүр байх
ёстой. Тиймээс ч бид энэхүү мэдээллийг хийхээр болсон юм” хэмээн онцоллоо.

Уг хэвлэлийн хурлын сэдэв нь орд газруудын ашиглалтай
холбоотой хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, энэхүү нөхцөл байдлаас
хэрхэн гарах тухай байв. Д.Ганхуяг “Ашигт малтмалын тухай хууль 2007 онд
батлагдан УИХ-аас 27-р тогтоол гарсан. Уг тогтоолд стратегийн 15 орд бий. Эдгээр ордын
ганцханыг нь буюу Оюутолгой дээр л хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордын 50 дээш хувийг улс авахаар хууль бий.
Гэтэл энэ заалт хэрэгжсэнгүй. Түүнчлэн төрийн мэдэлд байх хэд хэдэн ордын
лиценз хувь хүмүүсийн гарт оччихсон байна. Ерөнхий сайд Тавантолгойн талбайн
дөрөвхөн хувийг үлдээсэн гэж мэдэгдсэн. Гэтэл талбайн энэ дөрвөн хувь дээр чинь
нийт нөөцийн 20 хувь нь ногдож байна шүү дээ. Энэ хэмжээний хэрээр ард түмэн
хохирно. Хууль гарснаас хойш таван жил, тогтоол гарснаас хойш дөрвөн жил
өнгөрлөө. Гэтэл Засгийн газар төрийн хувь хэмжээг тогтоох ажлыг одоо болтол
хийхгүй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.ШинэбаярАшигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд “Стратегийн
ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж
байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр
арилжина” гэж заасан. Уг хуулийг хэрэгжүүлж Төмөртийн орд, Энержи Ресурс, Мак
компаниудын ордын 10 хувийг арилжах ёстой биз дээ” хэмээгээд хуулийг
хэрэгжүүлэхэд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа салбарын сайдад хариуцлага тооцох
хэрэгтэй гэв.

Эдгээр гишүүн хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт дахин
сануулж, хууль биелүүлж чаддаггүй салбарын сайдад хариуцлага тооцохыг шаардаж
буйгаа мэдэгдэв. Хэрэв энэ талаар ажиллахгүй бол Засгийн газрыг огцрох тухай
асуудлыг тавихаа ч мөн мэдэгдсэн байна.

Б.Мандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж