МИАТ-ын хэргийн хүрээ тэлсээр

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

МИАТ-ын хэргийн хүрээ тэлсээр

Төрийн өмчит МИАТ компанийн өмнөх удирдлагууд Дайны эрсдлийн даатгалын сангийн мөнгийг гадаадын компанийн данс руу шилжүүлэн завшсан гэх хэрэг олны анхаарал татаад байгаа энэхүү хэрэгт холбоотой хэмээн МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, тус компанийн Коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэнгийн компанийн нягтлан Н.Гантөмөр, С.Батхишиг, Ц.Орхоны гэргий Ү.Цэцэгмаа нарыг шалгаж байгаа. Мөн ах дүү Б.Мандахбаяр, Б.Эрдэнэбаяр нарыг эрэн сурвалжилж байгаад уржигдар Б.Мандахбаярыг баривчилсан гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Мөн энэхүү хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугарыг шалгах гэсэн боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхтэй тул цэцээс зөвшөөрөл авах шаардлагатай болоод байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Харин албаны эх сурвалжТөрийн өмчийн хорооны дарга  асан Д.Сугарыг сэжигтнээр тооцсон зүйл байхгүй гэж мэдэгдэж байгаа.  Одоогоор энэ хэргийн хохирол 10 орчим тэрбум гэгдэж байгаа ч үүнээс олон тэрбум төгрөгний асуудал яригдаж байгаа гэсэн яриа ч бас тархаад байгаа. Энэхүү хэргийн талаар Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав

“Хоёр жилийн өмнө МИАТ компанитай холбоотойгоор мөнгө завшсан, угаасан байж болзошгүй гэх гомдлыг шалгаж эхэлсэн байдаг. Даатгалын гэрээ хийх нэрийдлээр мөнгө угаасан хэрэг ах дүү, хань ижил, найз нөхөд гээд маш олон хүн хамсаатан байж болзошгүй байгаа юм” гэж мэдэгдсэн.  Тухайн үеийн Зам тээвэр, дэд бүтцийн яамны дэд сайд А.Гансүх ч хэдийгээр хоёр жилийн өмнө энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байсан ч хав дарж шалгахгүй өнгөрсөн гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл ерөнхий прокурор ч мөн “Хэргийг мөрдөн байцаах, шалгах явц удаашралтай байсан нь анхаарал татаж байгаа. Хуулийн байгууллагынхан энэ хэрэгт холбоотой байж магадгүй юм” гэлээ.

Мөн тэрээр “Сэжигтэн, гэрч, хамсаатан гээд энэ хэрэгт холбоотой хүмүүс долоогоор зогсохгүй нь мэдээж. Хэргийн гол асуудал хэдэн хүнтэй холбоотой хэрэг биш төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, хувийн болон бизнесийн компаниуд, хуулийнхан гээд олон удаагийн үйлдлээр, олон хэлбэрээр хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа гэж мэдэгдсэн юм.

Түүний News агентлагийн сурвалжлагчийн асуусан асуултад өгсөн хариултыг хүргэе.

-Энэ хэргийг цөөнгүй улс дамнан шалгах хэрэгтэй гэж сонссон. Энэ үнэн үү?

-Гадаадын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтарсан шалгалт хийж байна. Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполтой ч бас хамтарч ажиллаж эхэлсэн. Ер нь бол дөрвөөс таван улс дамжин үйлдэгдсэн хэрэг байгаа юм.

-Одоогоор 10 орчим тэрбум төгрөг угаасан гэх хэрэг таамаг төдий мөнгөн дүн яригдаж байгаа. Ойролцоогоор хэдий хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа вэ?

-Шалгалтын явцад 10 тэрбум төгрөг бол сэжигтнүүдийн угаасан, залилсан мөнгөн дүнтэй харьцуулахад маш бага тоо. Маш их хэмжээний мөнгөний тухай яригдах байх.

-Энэ хэрэгт МАХН-ын дарга Н.Энхбаярын ар гэрийнхэн шалгагдаж байгаа гэж үнэн үү?

-Энэ хэрэгт Н.Энхбаярын хамаатан садан болох дүү зэрэг хэдэн хүнийг шалгаж эхэлсэн.

-Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт ямар шийтгэл оногдуулдаг вэ?

-Хэн ямар албан тушаал эрхэлж байсан, ямар хууль бус үйлдэл гаргасан гэдгээс хамаарч хүн бүр өөр өөр шийтгэл авах учиртай.

Дашрамд, Даатгалын сангийн мөнгийг угаасан гэх хэргээс гадна энэ хэрэгт холбоотойгоор шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтан, хувийн болон улсын байгууллагын эзэн, төрийн албан хаагч, зарим банкуудыг МИАТ-ын гэрээтэй холбоотойгоор их хэмжээнй мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж