
Шинэ мэдээлэл дуулгахад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах, иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” ёсоор 1990-2000 оны хооронд ажилласан жилээ нөхөн тооцуулж тэтгэвэр авах иргэдийн бүрдүүлэх материалыг нэгээр цөөллөө. Энэ журмаар 1990-2000 оны хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан ч түүнийгээ хууль ёсоор баталгаажуулж чадаагүй, тогтсон ажил хийлгүй наймаанд явж байсан хүмүүс ажилласан жилийн дутуугаас болж тэтгэврээ тогтоолгож чадаагүй бол энэ хугацаан дахь ажилласан жилийн шимтгэлийг нөхөн төлж, тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон юм.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнгээс ярилцлаа.
-Ажилласан жилээ нөхөн тооцуулаад тэтгэвэр авахад бүрдүүлэх материалыг нэгээр цөөлсөн гэж байна. Хэрхэн цөөлсөн юм бэ?
-Өмнө нь иргэд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, /хөдөлмөрийн дэвтэр/, оршин суугаа газрын Засаг даргын лавлагаа, нийгмийн даатгалын хэлтсийн баталсан маягтыг бөглөж, дээр нь нэмж Цагдаагийн газрын тодорхойлолт авах ёстой байсан. Одоо үүнээс цагдаагийн газрын тодорхойлолтыг заавал иргэн өөрөө биеэрээ очиж авах шаардлагагүй боллоо.
-Тэгэхээр журмандаа зааснаар ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой гэдэг нь хүчингүй болж байна уу?
-Үгүй. Иргэд үүнийг ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх лавлагаа хэрэггүй боллоо гэж ойлгож болохгүй. Иргэдийн хувьд бас л нэг лавлагаа авах гэж явдал, чирэгдэл болгохгүй гэсэндээ иргэнээс цагдаагийн тодорхойлолтыг шаардахгүйгээр улсын мэдээллийн сангаас шийдэхээр болсон. Ял эдэлж байсан эсэх талаарх судалгааг Нийгмийн даатгалын байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтраад мэдээллийн сангаар дамжуулж авах юм. Ингэхдээ сануулахад, тухайн иргэн материалуудаа нийгмийн даатгалын газарт бүрдүүлж ирэхдээ цагдаагийн лавлагаа авахдаа төлдөг байсан 500 төгрөгөө банкинд тушаасан маягтаа аваад ирэхэд л болно. Энэ мөнгө нь мэдээллийн сангаас лавлагаа гаргаж өгч байгаа хөлс гэдгийг хүн бүр мэдэх байх.
-Ямар дансаар лавлагааныхаа мөнгийг тушаах вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 900012034 тоот дансанд урьд нь лавлагаа авах гэж төлдөг байсан 500 төгрөгөө тушаагаад маягтаа авчрах юм.
-Журмаар 1990-2000 оны хоорондох ажилласан жилийг л нөхөн тооцох боломжтой. Өөр ямар шаардлага тавигдаж байгаа билээ, иргэддээ дахин сануулахад?
-1990-2000 онд 18 болон түүнээс дээш насанд хүрсэн /сургуульд суралцаагүй бол 16 настай/, тухайн онуудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй байсан, хорих ял эдлээгүй байх ёстой гэдгийг иргэд маань санах хэрэгтэй.
-Иргэдийн хувьд журмын холбогдолтой, ойлгомжгүй зөндөө асуулт бий. Үүний нэг бол яахын аргагүй тухайн жилд огт ажиллаж байгаагүй, эсвэл ажиллаж байсан ч ямар ч баримт бичгээр баталгаажуулах боломжгүй хүмүүс бий. Үнэхээр баталгаажуулж чадахгүй бол яах вэ?
-Манай газарт ч энэ талаар их хандаж байна. Тэгэхээр энэ журам нь өөрөө их уян хатан, иргэдээ бодсон гэж хэлж болно. Тухайн жилүүдэд нийгмийн том өөрчлөлтөөс болоод бүх газрууд хөдөлгөөнд орж, ажилгүй хүмүүс их болсон. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажиллаж байсан ч тухайн газар нь одоо татан буугдаад ажиллаж байснаа ямар ч аргаар баталгаажуулах боломжгүй бол харьяа хороондоо хандаарай. Ингэхдээ хорооноосоо 1990-2000 онд хороондоо ажилгүй, амьдран суусан нь үнэн гэсэн тодорхойлолтыг гаргуулж, тооцуулах боломжтой.
-Энэ нь ажилласан жилийг нөхөн тооцож, тэтгэвэр авах боломж олгох ганц удаа хэрэгжих журам гэдгээрээ онцлог шүү дээ. Хэдийг хүртэл иргэдийн материалыг хүлээн авах вэ?
-Иргэдийн материалыг наймдугаар сарын 1 хүртэл харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлстүүдэд хүлээн авна.
-Материалаа бүрдүүлээд тэтгэвэр авах эрх нь үүсчихвэл хэзээ тэтгэврээ аваад эхлэх вэ?
-Иргэдийн материалыг хүлээж авч, цэгцлээд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцуулж авах боломжтой юм.
-Ер нь тэтгэврийг хэрхэн тооцож, тогтоож байгаа вэ?
-Тэтгэврийг тооцохдоо эрэгтэй 60 нас, эмэгтэй хүсвэл 55 наснаас тэтгэврээ тогтоолгох эрх нь үүсдэг юм. Харин тэтгэврийн хэмжээг тухайн иргэний сүүлийн 20 жил ажилласны дараалласан таван жилийн дундаж цалингийн хэмжээнээс тооцдог. Харин хувь тэнцүүлж тооцохдоо 10 жилээс дээш хугацаанд ажилласан бол ингэж тооцож болдог. Нас нь хүрээгүй ч эрэгтэй бол 60 нас хүрээд хувь тэнцүүлсэн тэтгэврээ тогтоолгоод авч болно.