
Монгол Улс эдийн засгийн хөгжлийн шинэ гараан дээр ирээд байгаа, өмчийн харилцаанд хувийн хэвшлийн давамгай байдал бий болсныг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод ашигт малтмалын ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж стратегийн шинжтэй томоохон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй ийм үед хоёр талын хамтын ажиллагаа улам өргөн далайцтай болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улс евростандартыг нутагшуулах, Европын холбоотой түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлж илүү өргөн хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцоллоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь ашиг олохыг урьтал болгодоггүй, гол нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж буй орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг чухалчилдаг гэдгээ ноён Томас Мироу хэллээ. Тус банк цаашдаа Монголын хувийн салбарт дэмжлэг үзүүлэхэд илүүтэй анхаарах чиглэл барьж буйг тэрбээр дурдаад өндөр хурдацтай хөгжиж байгаа уул уурхайн салбарыг бусад салбаруудтай уялдуулж тэнцвэртэй хөгжүүлэх нь чухал юм гэлээ. Мөн тус банк Монголын банкны салбараас гадна эрчим хүч, төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд хамтран ажиллах бодолтой байгаа, энэ талын ихээхэн туршлага хуримтлуулсан гэдгээ ч хэлэв.
Монгол Улс байгалийн баялгаа зөв ашиглаж эдийн засгийн салбаруудаа тэнцвэртэй хөгжүүлэх, мөн экологийн тэнцвэртэй байдлыг хангахыг зорьж байгаа, энэ чиглэлээр тус банкны туршлагаас суралцаж хамтран ажиллахад бэлэн байна. Мөн хөрөнгө оруулалт, татварын чиглэлийн хууль эрх зүйн орчинг аль болох тогтвортой байлгаж, тендерийн ил тод байдал, шударгаар өрсөлдөх зарчмыг хэрэгжүүлэх болно гэдгээ УИХ-ын дарга хэлээ.
Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.