Л.Гантөмөр сайд ХБНГУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр сайд ХБНГУ-д айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ өдрүүдэд ХБНГУ-д айлчилж байна.

Сайд тус улсын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны ТБНД хатагтай Г.Копптой 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр уулзаж, Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль байгуулах бэлтгэл ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцжээ. Энэ үеэрээ сайд Л.Гантөмөр Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулж улс орны хөгжилд хүний нөөцийн хэрэгцээ улам өсч байгаа тухай дурджээ. Түүнчлэн хамтарсан дээд сургууль 2013-2014 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авах бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа тухай мэдээлсэн байна.

Харин хатагтай  Г.Копп ХБНГУ Монгол Улстай амжилттай хэрэгжүүлж ирсэн хөгжлийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, аливаа улсын хөгжил нь нэмүү өртөг бүтээгдэхүүнээс хамаарах бөгөөд хүчтэй эдийн засаг нь боловсрол дээр тогтдогийг онцолжээ. Тэрбээр  Монгол Улсад айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд сайд Л.Гантөмөр Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны ТБНД-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Уулзалт ажил хэрэгч, харилцан бие биеэ бүрэн ойлголцсон байдалд болж өнгөрсөн ба хамтарсан дээд сургууль байгуулах судалгааны ажиллагаагаа эрчимжүүлэх,багш бэлтгэх болон хөрөнгө, санхүүжилтийн асуудалд хоёр тал онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.

Монгол-Германы технологийн дээд сургууль байгуулах асуудлыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер А.Меркел нарын 2011, 2012 онуудад хийсэн төрийн болон албан ёсны айлчлалуудын үеэр харилцан тохиролцсон. Энэ хүрээнд  Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам ХБНГУ-ын Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй 2012 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо “Монгол-Германы технологийн дээд сургууль” байгуулах үзэл баримтлалыг харилцан зөвшөөрөх тухай Санамж бичиг байгуулсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж