
Нийтийн тээврийн зарим зогсоолд өөрчлөлт орж, “Моннис” цамхагийн өмнөх урдаасаа хойш чиглэсэн автобусны зогсоолыг энэ сарын 26-наас буюу маргаашнаас эхлэн “Төв номын сан”-гийн өмнөх талбайд шилжүүлэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Нийтийн тээврийн гaзраас уг шийдвэрээ түр хугацаагаар хойшлуулсан тухай мэдээллээ. Иргэдээс ирсэн гомдол, саналын дагуу ирэх хаврын зам засварын ажил эхлэх хүртэл уг автобусны буудлыг нүүлгэх ажлыг хойшлуулахаар болсон байна. Гэхдээ тус газраас дээрх зогсоолыг өөрчлөхөд ямар нэгэн хуулийн дүрэм, журам зөрчөөгүй гэдгийг онцлон хэлсэн юм. “Моннис” цамхагийн өмнөх автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний 12 чиглэлийн 134 автобус зогсож, иргэдэд үйлчилдэг юм байна. Ирэх хавар уг зогсоолыг нүүлгэн шилжүүлсний дараа хуучин автобусны зогсоолыг таксины зогсоол болгон ашиглана гэлээ.
Харин маргаашнаас эхлэн нийтийн тээврийн зарим зогсоолд өөрчлөлт оруулахаар баталсан “Барс” захын хойд талын Нарны зам дахь баруунаас зүүн чиглэлд байрлах автобусны зогсоолыг өөрчлөх юм байна. Ингэснээр уг зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний М:25б “Баянхошуу-ТэцIII”, М:30 “Япон цэргийн цогцолбор-Вокзал”, М:41 “Толгойт-Амгалан” чиглэлийн 39 автобус энэ сарын 26-наас эхлэн зогсож, иргэдэд үйлчлэхээр боллоо.
Г.ДАША