
Энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын зургаан иргэн Эрээн хотод таксигаар зорчиж явахдаа 128 мянган юань бүхий хоёр цүнхээ машины арын тээшинд мартаж буужээ. Тэд энэ тухай Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан ч мөнгөө мартаж буусан таксиныхаа улсын дугаарыг санахгүй, жолоочийн гадаад төрхийг сайн тодорхойлж чадахгүй байсан нь хэргийн илрүүлтэд багагүй хүндрэл учруулжээ. Гэсэн ч тус хотын цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд гурав хоногийн дотор эзэн холбогдогчийг нь олж тогтоон, мөнгийг бүрэн бүтнээр нь буцаан олгожээ. Арга хэмжээг гардан зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн ажилтан, удирдлагад Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын Газраас талархлын бичиг гардуулсан байна.