Ардчилсан намынхан өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан өдрөө тэмдэглэв

Ардчилсан намын өдрийг Дундговийн ардчилагчид өргөн тэмдэглэлээ. Ардчилалын төлөө намууд нэгдэн Ардчилсан нам байгуулагдсан энэ өдөр тус аймагт баярын хурал, соёл урлаг, спортын арга хэмжээг тус тус зохион байгууллаа.

    Баярын хурлын үеэр “Цахилгаан түгээх сүлжээ” компаний ерөнхий нягтлан бодогч Б.Буяннэмэх “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн ажилтан Ч.Түмэннаст “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг гардууллаа.

    Ардчилсан намын нэрэмжит волейволын тэмцээнд  аймгийн зүүн, баруун бүсээс шалгарсан  холимог багууд оролцон   шилжин явах цомын төлөө өрсөлдлөө.

     Баярт оролцогчдод 2011 оны  “Гэгээн Муза” уралдааны шүүгчдийн нэрэмжит шагналт найруулагч Д.Доржсүрэнгийн найруулсан “Цагаан гардийн цадиг” дуулалт жүжгийг Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид тоглож сонирхууллаа. Жүжгийн гол дүрүүдийг  “Алтан од” уран бүтээлийн нэгдлийн залуу уран бүтээлчид бүтээжээ.

    Харин дашрамд дурьдахад,  тус аймгийн Ардчилсан нам хэд хоногийн өмнө  намын хорооны хурлыг хийж  аймгийн Намын даргаар С.Од-Эрдэнэ, дэд даргаар Н.Соёмбо, Б.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Ц.Батбилэг нарыг олонхийн саналаар сонгосон гэх боловч аймгийн намын өмнөх удирдлага болон хэсэг гишүүд уг хурлыг хууль бус гэж үзснээс   удирдлагын асуудал одоогоор маргаантай байгаа аж.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж