Ерөнхий сайд дарга нарт сануулга өглөө

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд дарга нарт сануулга өглөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал хийлээ.

Энэ хуралдаанаар Засгийн газрын харьяа яам, агентлагийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудтай танилцаж, санал солилцлоо. Цахим хурлыг нээж Ерөнхий сайд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Засгийн газраас сар бүрийн сүүлээр хийдэг энэхүү уулзалтаа дөрөв дэхь удаагаа хийж байна. Би өнөөдөр улсын сайн малчин, тэргүүний тариаланч нартай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын үйл ажиллагааг танилцууллаа. Энэ жил сайн малчин, тариаланчдаа нийслэлд цуглуулж байгаагаараа онцлог юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам энэ арга хэмжээг сайн зохион байгуулж байна” гэлээ. Ерөнхий сайд "цахим хурал богинохон хугацаанд болдог учраас тодорхой үүрэг чиглэлдээ илүүтэй анхаарах" саналтайгаа хэлж яам, агентлагийн дарга нарт "олон нийтэд хийж байгаа ажлаа танилцуулж байх" үүрэг өгөөд, сайн, муу хоёр мэдээ хэлсэн юм.

Сайн мэдээ

Ерөнхий сайд хэлэхдээ, лхагва гаригт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Манай яам, агентлагууд хэвлэлийнхэнтэй уулзаж, хийж байгаа ажлаа тайлагнаж, танилцуулах шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид ажлаа хийгээд явж байдаг, гэтэл хэвлэл мэдээллийхэнтэй хамтарч, олон нийтэд мэдээлэл өгөхгүй, хийж байгаа ажлаа танилцуулж байх ёстой юм байна. Гэтэл буруу ойлголтууд олон нийтэд очиж байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тодруулбал, Төрийн албан хаагчийн цалингийн сан 210 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ 2012 онд төрийн албан хаагчийн цалинг 50 хувиар нэмсэн. Тэр нэмэгдэл нь 2013 оны төсөвт суух ёстой мөнгө байсан. Энэ мэт асуудлыг олон нийтэд тайлагнах нь зүйтэй байгаа юм.

Мөн олон нийтэд өгч байгаа бас нэг худал мэдээлэл бол бондын хүү өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай гэнэ. Энэ бол худал мэдээлэл. Монголбанкны  валютын нөөц 2,7 тэрбум ам.доллар, бондоор босгосон нь 1,5 тэрбум ам.доллар гээд нийлээд 4,2 тэрбум ам.долларын хүүг алдагдалгүй байлгахыг Монголбанк хариуцаад хийж байгаа. Бондыг хэрэгтэй, хэрэггүй зүйл зарцуулна гэсэн яриа, айдас олон нийтэд бий болсон байна. Тиймээс Бондын зөвлөл орж ирсэн мөнгийг ямар төсөл, ямар арга хэмжээнд зарцуулахыг ярьж байгаа. Эхний ээлжинд зарим төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Жишээлбэл, 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатартай холбоно гэсэн саналтай байгаа. Мөн цахилгаан станцуудын байдал хүнд байгаа учраас бондын мөнгөөр Тавантолгойд түшиглэн барих цахилгаан станцад хөрөнгө оруулья. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийн өмнө ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Муу мэдээ

Төрийн албан хаагчдыг хаалж байгаа, халчихсан гэсэн мэдээлэл маш их газар авч байна. Миний зүгээс ийм энэ хүнийг халах, халахгүй байх зэрэг чиглэл өгөөгүй. Энэ томилгоог яам, агентлагийн дарга нар, Төрийн нарийн бичгийн дарга нар хийж байгаа. Алдаа  дутагдал гаргасан, халах шаардлагатай эвсэл өөрийн хүсэлтээр ажлаа хийж чадахгүй өргөдлөө өгч байгаа хүмүүсийг надад танилцуулж байгаа. Гэхдээ зүгээргүй байгаа хүмүүсийг зайлшгүй халахаас өөр аргагүй байгаа. Жишээлбэл, Төрийн банкны удирдлагыг гурав хоногийн өмнө чөлөөлж, томилсон. Төрийн банкны хувьд олон асуудал бий. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй зээлээр байр олгоно гэсэн хэрнээ олон чирэгдэл, хариуцлага алдсан. Тэгсэн хэрнээ Төрийн банкийг ашигтай ажилуулсан хэмээн ТУЗ-ийн гишүүд тус бүр 90 сая төгрөгийг ашиг болгон хувааж авсан байна. Тиймээс энэ хариуцлагагүй байдлаас шалтгаалан үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрчилсөн гэлээ.

Мөн Эрдэнэс Тавантолгойн удирдлагыг мөн чөлөөлсөн. Бусадтай гэрээ хийхдээ Монгол Улсад ашиггүй байдлаар гэрээ хийдэг, өр зээлэнд баригдсан. Ийм зүйл хийдэг хүн төрийн албанд байх шаардлагагүй. Одоо МИАТ компанийн асуудлыг хүн бүр харж байна. Ийм алдаа оноотой зүйлийг нуугаад явж байж болохгүй. Ерөнхий сайд шинээр томилогдсон бүх дарга нар хандан “Та бүхэн ч мөн ажилдаа хариуцлагагүй хандвал албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Ямар нэг нам гэдэг нэр луйварчдийн хоргоддог зүйл биш гэж хэлж байгаа юм. Бүх намынханд хэлж байна. Нам гэдэг нэрээр мөнгө завшиж, хувааж иддэг цаг дууссан” санууллаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж