
Өнөөдөр Оросын Красноярскт алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд Лондоны олимпийн аварга Наталья Воробьёва барилдаж буй нь мэргэжилтнүүд болоод бөх сонирхогчдын сонирхлыг нэгэн сэжмээр ихэд татаж буй гэнэ. Иван Ярыгин 1972 оны олимпод түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө ердөө 440 секундэд ялсан гайхалтай амжилтыг одоо хүртэл хэн ч эвдэж чадаагүй байгаа юм. Эвдэх нь битгий хэл энэ хугацаанд дөхөж ч очсон бөх бараг үгүй. Тэгвэл Н.Воробьёва өнгөрсөн жил Лондоны олимпод түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө 570 секундэд ялж, Ярыгины гүйцэгдэшгүй амжилтад ойртон очиж чадсан юм. Тиймээс Красноярскийн энэхүү тэмцээнд түүнийг дээрх хугацаагаа улам богиносгож, алдарт бөхийн мөнхийн мэт санагдаж байсан дээд амжилтыг эдвэж магадгүй хэмээн бөх сонирхогч, мэргэжилтнүүд анхааран ширтэж буй ажээ.
Гэхдээ Воробьёвад дээд амжилт тогтооход нь саад болж мэдэх нэг бөх байгаа нь Екатерина Бурмистрова гэнэ. Тэрээр сүүлийн хоёр ч барилдаанд олимпийн аваргыг гайтуулсан ажээ.
Наталья Воробьёвагийн барилдааны нэгэн бичлэгийг та бүхэнд дашрамд хүргэж байна.