MC: Би одоо хэн нэгэн бүсгүйн төлөө амьдрахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

MC: Би одоо хэн нэгэн бүсгүйн төлөө амьдрахыг хүсч байна

“Люмино” хамтлагийн эрхэмсэг төрхтэй энэ залууг MC гэдэг гээд хэлчихвэл буруудахгүй байгаа… Хамтлагийнхнаасаа хамгийн буурь, суурьтай нь юм шиг харагддаг ч багын сонирхлоо гээж чадаагүй яваа хүүхдээрээ зан, эсрэгээрээ амьдралыг “Эр хүн л авч явах ёстой” гэсэн ухамсарыг өөртөө бат бэх суулгасан жинхэнэ ухаалаг эрх хүн гээд MC-гийн ярианаас та түүнийг хэн ч гэж ойлгож болно. “Люмино” хамтлагийн дуучин MC буюу Тэмүүжингийн ертөнцөөр аялцгаая.

-Ингэхэд MC багадаа ямар хүүхэд байснаа яриач, гэрийн хүмүүжил чинь ямар байсан тухай ч юм уу?
-Манлайлагч болохыг хичээдэг байлаа. Найзууд маань намайг их хүндэлдэг шүү. Ер нь би их дураараа өссөн дөө. Аав, ээж хоёр маань миний хувийн асуудалд оролцдоггүй байсан. Загнана, зодно гэж байхгүй, харин хааяа нэг жинтэй үг хэлдэг байсан. Одоо бодоход хүүхэд нас минь миний дур сонирхлоор л өнгөрсөн байна лээ. “Найрамдал” зуслангийн нэгдүгээр ээлжээр яваад есдүгээр ээлж дуусгаад гэртээ ирдэг хүүхэд байлаа.

-Хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй шүү. Буддын шашин бол агуу том онол. Миний шүтлэг намайг элдэв муу үйл хийхээс хамгаалж байдаг гэж би боддог. Хийсэн нүглийн хариу хэзээ нэгэн өдөр ирдэг гэдэгт би итгэдэг. Тийм болохоор би ямар нэгэн буруу үйлдэл хийхгүй юмсан гэж бодож явдаг.

-Сүүлийн үед хип хопчид хар тамхины хэрэгт холбогдох боллоо. Хип хопчин MC үүнийг яаж хүлээж авдаг вэ?

-Монгол бол Америк биш шүү дээ гэж л хэлмээр байна. Тэнд бол энэ асуудал чөлөөтэй байдаг.

-MC нэг харахад даруухан юм шиг, нэг харахаар жаахан их зантай юм шиг харагддаг. Харин чи өөрийгөө ямар зан ааштай хүн гэж тодорхойлох вэ?
-Хэ хэ. Ер нь бол би даруухан хүн шүү дээ. Гэхдээ гэм нь түргэн ууртай байж магадгүй. Аливаад сэтгэлээрээ хандаж чаддаг сайн талтай. Харин муу тал гэвэл…За байз, миний муу тал чинь юу юм бэ дээ. Mммм. Хааяа хааяа жаахан сонин зан гаргаад байдаг юм аа. Гэнэт байж байгаад л уурлаж уцаарладаг. Дургүй хүрсэн зүйлдээ шууд эсэргүүцлээ илэрхийлчихдэг. Гэхдээ одоо энэ зангаа засч байгаа.

-Эрэгтэй хүн гэхэд ямар ч олон гялгар зүүлт зүүсэн юм дээ. Өөрт чинь таалагдсан болоод зүүгээ юу?
-Чамин зүйлд их дуртай. Гэхдээ хамтлаг байгуулснаасаа хойш л ийм зүйл хэрэглэдэг болсон болохоос өмнө нь бол тоодоггүй байлаа. Харин багаасаа нүдний шил, малгай худалдаж авах дуртай байсан. Миний цуглуулгад байгаа нүдний шилний цуглуулга одоо 100 гарчихсан яваа.

-Хамгийн үнэтэй шил чинь хэд хүрэх вэ?
-1100 ам.доллар. За тэгээд хямдхан шил ч гэсэн байна оо, байна. Нүдний шилний цуглуулгад маань анхны клипэн дээр зүүж байснаас авхуулаад бүгд байгаа.

-Малгай чинь хэд хүрэх бол?
-Нэг загварын 200-гаад малгай байгаа. Азаар би эдэлж, хэрэглэж байгаа зүйлдээ их гамтай хүн л дээ. Гэхдээ харамсалтай нь салан. Энд тэнд юм аа их хаяна.

-Эмэгтэйчүүдтэй адилхан сонирхолтой юм шиг санагдчихлаа. Ингэхэд амттанд дуртай юу?
-Ёстой дургүй. Тэгээд ч би чихэрний алергитэй. Чихэрлэг зүйл хэтрүүлж хэрэглэвэл өвчин хөдөлнө. Бас би хуурай идэх юманд дургүй. Халуун хоолонд л дуртай. Инээдтэй, намайг нэг сарын 28- хоногт нь хоёрдугаар хоол идэж байна гэсэн “судалгаа” гарсан.

-Хаанаас явуулсан судалгаа вэ?
-Өөрөө хийсэн юм аа. Би ер нь багаасаа л өөрийгөө хянаж байдаг, хувийн зохион байгуулалт сайтай хүүхэд байсан. Өдрийн тэмдэглэл хөтөлнө. Хүний өгсөн бэлэгнүүдийг цуглуулж байгаад гэртээ үзэсгэлэн гаргана /инээв/. Сонин байгаа биз дээ.

-Одоо өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг үү?
-Одоо хөтлөхөө больсон. Тухайн үед сурагч байсан болохоор надад хичээл хийх, найзуудтайгаа байрны гадаа суух, роликоор гулгах, өдрийн тэмдэглэл хөтлөх, дэлгүүр явах гэх мэтийн жижиг, сажиг ажлууд байдаг байлаа. Харин одоо бол бүх зүйл өөр. Хамтлагийн эсвэл хувийн гээд ажил мундахгүй шүү дээ.

-Бэлэгнүүдээ цуглуулдаг гэхээр хүнээс бэлэг авах дуртай юм аа даа?
-Ухаангүй дуртай. Төрсөн өдөрт уригдсан хүмүүсийн бэлгийг нүдээ ширгэтэл харна шүү дээ /инээв/. Миний авч байсан бэлэгнүүдээс нада гинж, зүүлтнүүд маань л их таалагддаг. Надад ихэвчлэн эмэгтэй хүмүүс бэлэг өгдөг болохоор үнэртэй ус, гоёл чимэглэл гэсэн тансаг хэрэглээний зүйлс их ирдэг. Ядаж байхад, би тиймэрхүү зүйлд аймаар дуртай. Гэхдээ би ганц өөрөө бэлэг авах гээд байдаг хүн биш л дээ. Хүний төрсөн өдөр, ямар нэгэн баярт очихдоо би бэлэг авах, сонгох дуртай.

-MC хайрын тухай ямар бодолтой явдгийг сонирхоё?
-Юу гэмээр юм дээ. Ерөөсөө л сохорчихдог юм байна лээ. Урд нэг хөшиг татчихсан юм шиг. Өөр юу ч бодолгүй үүлэн дээгүүр гүйгээд л байдаг.

-Анхны хайртайгаа хэзээ учирсан бэ?
-17 насандаа анхны хайр гэдэг зүйлийг амсч үзсэн. Анхны хайр мартагддаггүй л юм байна лээ. Цаг хугацаа өнгөрсөн ч сэтгэлийн мухарт байж л байдаг. Би анхны хайр маань намайг төлөвшүүлж, өдий зэрэгт хүргэсэн байх гэж боддог. Хөвгүүд шилжилтийн насан дээрээ их сахилгагүй байдаг ш дээ. Сав л хийвэл баар саванд орж, гадуур тэнээд л. Би яг тэр үедээ хүнд хайртай болоод, болж бүтэхгүй зүйлээс харин холуур өнгөрсөн юм шиг байгаа юм. Хайрттайгаа өнгөрүүлсэн дурсамжууд хамгийн тод санагддаг. Хүүхдээрээ байхдаа тийм зүйлийг мэдэрсэн болохоор би их азтай хүн байж болох юм.

-Одоо найз охинтой биз дээ?
-Би чинь ганц бие хүн шүү дээ. Гэхдээ албан ёсны найз охин байхгүй л болохоос нэг эмэгтэйг хайрлаад байдаг юм шиг байгаа юм.

-Өдий хүртэл чамайг ганцаараа явж байсан гэхэд нэг л итгэмээргүй сонстож байна?
-Хүний сэтгэл гэж нэг юм байна. Би сэтгэлээ л хайж яваа хүн. Хамтлагийнхаа хамгийн бага гишүүн нь учраас сурах зүйл их байна. Эхнэртэй болж, гэр бүл зохиохын тулд амьдрал үүрэх чадалтай болтлоо төлөвших хэрэгтэй биз дээ. Тэгээд ч ажил ихтэй байгаа болохоор тэр талаар нарийн төлөвлөгөө гаргаагүй л явна.

-Тэгвэл MC-г жаахан шалгаана аа. Ямар бүсгүйчүүд таалагддаг вэ?
-Яг ямар эмэгтэй гэдгийг би сайн мэддэггүй юм аа. Аятайхан л хүн байвал надад таалагддаг. Бусад залуусын адил хөөрхөн охин сонирхдог. Нуулгүй хэлэхэд гаднаасаа гоё харагдсан охин л миний хайрыг булааж чаддаг. Тэдний ертөнцөд нэвтэрч, өөрийгөө ойлгуулсны дараа бүх зүйл тодорхой болж, бидний харьцаа цааш үргэлжилнэ гэсэн үг. Харин амьдралын ухаанд гүн нэвтэрсэн, наснаасаа эрт амьдрал бодсон охид таалагддаггүй.

-Загвар өмсөгчид таалагддаг уу?
-Загвар өмсөгч охидын хүрээлэл дунд бидний клипний зураг авалт, ажил өрнөдөг учир тэд миний анхаарлыг огт татдаггүй. Олны танил биш, урьд нь огт харж байгаагүй бүсгүйг л би мөрөөддөг.

-Тэгээд ирээдүйн эхнэр чинь яг ямар байх хэрэг вэ?
-Эмэгтэйлэг хүн байх хэрэгтэй. Эр хүн айл гэрийн ноён нуруу байдаг учир амьдралынхаа хамаг ачааг нуруун дээрээ үүрч явах ёстой гэж боддог. Харин гэр бүлд эмэгтэй хүний давамгайлал ороод ирэхээр буруу тийшээ эргэх хандлага ажиглагдаад байдаг.

-Хурдан эхнэр авч, хүүхэдтэй болох юмсан гэж бодогддоггүй гэж үү?
-Хүмүүс бие, биенээ хайрлаж дурлаад, амьдралаа холбон гал голомтоо бадраадаг. Эцэг, эхийнхээ хайран дундаас мэндэлсэн хүүхэд л амьдралын аз жаргалыг авчирдаг шүү дээ. Надад хамтдаа амьдрал зохиочих тийм сайн эмэгтэй одоохондоо олдоогүй байна. Тийм болохоор хүүхдийн талаар бодох яагаа ч үгүй байна. Нуулгүй хэлэхэд би одоо хэн нэг хүний төлөө амьдармаар байгаа л даа. Харамсалтай нь тийм эмэгтэй гарч ирээгүй л байна. Хайх ч зав олдохгүй юм доо. Заяаны хань зам дээр гэдэг шүү дээ. Зам дээр л зогсож байгаасаа гэж бодож байна.

-За за ингэсгээд ярилцлагаа дуусгая. Гэхдээ нэг асуулт байна. Чамайг загасчлах дуртай гэж сонссон юм байна. Тэр талаар сонирхъё. Хамгийн сүүлийн асуулт л даа?
-Загасчлах дуртай. Загас агнуурын спортоор хичээллэдэг. Долоо билүү наймдугаар ангид байхдаа 145 см урттай тул загас барьж маань санаанаас ер гардаггүй юм. Загастай холбоотой ном, сонин, сэтгүүлийг үсэг гээлгүй уншдаг. Ер нь би яваандаа Монгол орны загастай холбоотой баримтуудыг цуглуулж байгаад, өөрийнхөө сонирхолтой холбож багахан хэмжээний гарын авлага бичих бодолтой байгаа. Гэхдээ одоохондоо амлахад арай эрт байна. Ер нь бол хийнэ гэж бодож байгаа.

 

Т.НИПОНЬ /2006.11.07/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж