Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 35 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 35 хүн үрэгджээ

Иракийн хойд хэсэгт шиитүүдийн сүмийн ойролцоо оршуулгын ёслолын үеэр амиа золиослогч этгээд тэсрэг бөмбөг дэлбэлсний улмаас 35 хүн амь үрэгдэж, олон хүн шархтжээ. Киркук хотоос өмнөд зүгт 90 км зайд орших Туз Хурмату гэх тосгонд дээрх хэрэг лхагва гаригийн орой гарсан байна. Энэ үеэр мөн Иракийн Засгийн газрын нөлөө бүхий хоёр ажилтан шархтжээ. Тэдний нэг нь Салахеддин мужийн дэд захирагч  Ахмед Абдул-Вахед байсан гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт мөн Иракийн шиитүүд голчлон амьдардаг хотод автомашин, автобусанд болон зам дагуу байрлуулсан бөмбөг дэлбэрсний улмаас 19 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. Багдадаас өмнө зүгт орших Карбала мужид гарсан дараалсан дэлбэрэлтийн улмаас 100 гаруй гэмтэж, бэртсэн юм.

Иракийн Дотоод хэргийн, Батлан хамгаалах болон Эрүүл мэндийн яамны мэдээгээр өнгөрсөн сард тус улсад Иракийн цэрэг, дайчид гээд 208 хүн амь үрэгджээ. Мөн буудалцаан, халдлага, довтолгоонд энгийн иргэд олноор өртөж, амиа алдаж буй юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж