Мумбайн аллагад оролцсон этгээдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Мумбайн аллагад оролцсон этгээдэд ял оноожээ

Энэтхэгийн Мумбай хотод 2008 онд аймшигт халдлага үйлдсэн хэрэгт гэм буруутай этгээдийг шүүх хурал болж, 35 жил хорих ялаар шийтгэсэн байна. Өдгөө 52 настай, Энэтхэг улсын иргэн, америк гаралтай Дэвид Коулмэн Хедли гэгч этгээд Мумбайн аллагыг зохион байгуулсан Пакистаны Лашкар-э-Тайба (LeT) бүлэглэлийн дайчидтай үгсэн хуйвалдсан зэрэг 12 зүйл ангиар ийнхүү ял сонсчээ. Хэргийг мөрдөн байцаалтын явцад тэрбээр өөрөө хэргээ хүлээсэн байна. Хэрэв түүний хэргийг Энэтхэг улсын шүүхээр хэлэлцсэн бол цаазын ял хүлээж байсан юм.

Дэлхий нийтийг цочирдуулсан Мумбайн аллагын үеэр 160 гаруй хүн амь үрэгдсэн билээ.

Хедли анхандаа өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлж байсан ч удалгүй Мумбайн аллагын үеэр тус хотод хэд хэдэн газарт бай бэлдэж байсан тухай гэм буруугаа хүлээжээ. Гэхдээ тэр аллагын ажиллагаанд оролцоогүй аж. Хедлигийн аав нь пакистан, ээж нь америк гэнэ. Тэрбээр Даоод Гилани гэх пакистан нэртэй байсан ч Энэтхэгт өөрийгөө америк хүн мэтээр ойлгуулахын тулд 2006 онд Дэвид Коулмэн Хедли хэмээн нэрээ өөрчилсөн байна. Хедли мөрдөн байцаалтын явцад 2002 оноос эхлэн LeT бүлэглэлтэй холбоо тогтоосон гэдгээ хүлээжээ. Түүнийг Мумбайн аллагаас нэлээд хожуу буюу 2009 оны аравдугаар сард Филиппин руу нисэх гэж байхад нь АНУ-ын Холбооны мөрдөн товчооны ажилтнууд Чикаго хотоос баривчилжээ.

60 цаг үргэлжилсэн Мумбайн аллага 2008 оны арваннэгдүгээр сарын 26-нд эхэлсэн билээ. Галт тэрэгний буудал, тансаг зэрэглэлийн зочид буудал болоод Еврейн соёлын төвд болсон аллагын үеэр 166 хүн амиа алдсан юм. Мөн есөн алан хядагч алагджээ. Амьд үлдсэн ганц алан хядагч болох Пакистаны иргэн Мохаммед Ажмал Амир Касабын өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Энэтхэгээс цаазалсан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж