Дээд боловсрол урагшлах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Дээд боловсрол урагшлах уу?

Өмнөх Засгийн газраас бүх их дээд сургуулиудын нэгдсэн хотхонг Багануурт байгуулна гэсэн сүржин шийдвэр гарсан. Харин одоо тэр шийдвэр бүдгэрсэн, улам ч бүдгэрэх биз. Энэ шийдвэрийг гаргахдаа тухайн үеийн засгийн газар нэг ч иргэнээсээ асуугаагүй биз. Бас гадаад улс орны туршлагыг судалсан гэж би хувьдаа бодохгүй байгаа. Би Улаанбаатар хотын иргэн, хүүхдүүдээ Багануурт их сургуульд сургана гэвэл их л хэцүү зүйлтэй тулгарах нь тодорхой. Одоо хотдоо оюутнаа байраар хангаж чадахгүй байгаа мөртлөө тэр олон оюутанг Багануурт байраар хангаж чадах уу. Нөгөө талаас нь харахад ингэж бүх их дээд сургуулиа нэг газарт төвлөрүүлсэн улс энэ бөмбөрцөгт лав байхгүй байх. Миний мэдэж байгаагаар их сургууль тус бүр тэр орчиноо тохилог хотхон бий болгосон байдлаар тохижуулсан байхыг л олж харж байсан. Хамгийн энгийн шийдэл бол их дээд сургууль хаана өөрийн хотхоноо байгуулах нь тэдний өөрсдийн шийдэх асуудал баймаар санагддаг. Мэдээж төр засгаас бодлогоор, бүр тодруулбал газрын асуудал, дэд бүтцээр дэмжих нь зүйн хэрэг.

Их дээд сургуулиуд өөрсдийн хотхоноо байгуулах боломжууд мэдээж зөндөө байна. Жишээлбэл, ХААИС тэр орчимдоо кампусаа байгуулах боломж бүрэн байгаа. Энэ сургууль маркетинг, менежмент, нягтлан гэх мэт бүх л их дээд сургуульд байдаг ангиудаа хаах, эсвэл өөр их сургуульд шилжүүлээд зөвхөн хөдөө аж ахуйн мэргэжлээрээ дагнах хэрэгтэй. Энэ тохиолдолд тус сургуульд нийт хэдэн оюутан сурах, тэдний хэдэн хувийг орон нутгаас элсүүлэх төлөвлөгөө тодорхой болно. Энэ төлөвлөлтдөө тулгуурлаад орон нутгийн оюутнаа багтаах хэмжээний оюутны байр барьж болно. Хичээлийн байр, лабортари, оюутны байраа холбосон мэдээллийн сүлжээ, номын сан, үйлчилгээний иж бүрдлийг байгуулснаар энэ сургууль жинхэнэ кампус болж чадна. Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль Улаанбаатарт байсаар байх уу, эрүүл мэнд анагаахын сургуулийг эмнэлгээс холдуулж кампус болгох ямар ч боломж байхгүй. Мэдээж том их сургуульд газар олгох, дэд бүтцийг нь хөнгөлөлттэй шийдэж өгөх замаар кампус болгож болно, гэхдээ энэ бол дөрвөн жилд багтаж шийдэгдэх ажил биш. Тэгэхээр бүх их дээд сургуулийг Багануурт төвлөрүүлэх асуудал лав урагшлахгүй нь. Тэгвэл бид ирэх 4 жилд дээд боловсролын салбарт хүлээх хүлээлт юу байгаа бэ?

Их дээд сургуулиудын мэдээлэл технологийн орчинг дэлхийн жишигт хүргэх бодит бололцоо байгаа. Компьютер, мэргэжлийн програм хангамж, интернэт орчинд ажиллах чадвар гэдэг бол төгсөгчдийн заавал мэдэх зүйлийн нэг болсон. Дэлхийн шилдэг сургуулиудын сургалтын орчин ерөнхийдөө ийм л стандартыг бүрдүүлсэн байдаг. Онлайн мэдээлэл солилцоо, номын сан, бусдын ажлыг шууд хуулж бичихийг хянах програмчлал, ном мэргэжлийн сэтгүүл, өгүүллэгийн нэгдсэн бүртгэл, форум хэлэлцүүлэг, албан ёсны бүртгэлтэй имайл хаяг зэрэг нь манай сургалтанд бүрэн нэвтрээгүй байна. Энэ бол маш хурдан нэвтрүүлж болох ажил. Энэ эргээд сургалтын чанарт эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Дээд боловсролын салбарыг цахимжуулах ажил бол бидний энэ салбар дах нэг том хүлээлт. Сургалтын чанарт хэрхэн дэвшил гаргах. Нэг үе хувийн их дээд сургуулиуд соёлтой хадгаламж зээлийн хоршоо хэмээх нэрийг зүүж байсан цаг саяхан. Гэтэл энэ яриа нэг хэсэг яригдаад таг болсон. Байдал тийм ч сайн болоогүй хэвээр байгаа. Сургалтын чанарыг сайжруулах бодит бололцоо маш их байгаа. Хөрөнгө оруулалтын шаардлага тавих, олон улсын сурах бичгийн сүлжээнд нэгдэх, багшлах боловсон хүчний шинэчлэлд онцгой анхаарах замаар сургалтын чанарыг нэг алхам дээшлүүлж болмоор санагддаг. Их дээд сургуулиудын нээлттэй байдал мэдээж дараагийн нэг том хүлээлт. Энэ бол цэвэр менежмент, маркетингийн асуудал. Миний мэдэж байгаа жишээ бол Австралийн их сургуулиуд өөрсдийн оюутны нийгмийн асуудал, ажил эрхлэлт, төгсөлтийн дараах дахин сургалт, сургуулийн сургалтын чанар, оюутны сургалтыг хэрхэн үнэлэх талаар байнга дотоод судалгаа явуулж, үр дүнг тайлагнаж, түүнээс гарсан шийдвэрийг хэрхэн шийдэх шийдлийг тогтмол мэдээлж ажилладаг. Улсын их дээд сургуулийг хувьчлах, эсвэл мэргэжлийн багаар удирдуулах, олон улсын хэмжээнд удирдлагын сонгон шалгаруулалт зарлах гэх мэтээр шинэ аргуудыг ашиглаж энэ асуудалд хандмаар санагддаг. Саяхан боловсролын сайд ТӨҮГ-ын жишээн дээр мэргэжлийн багт мөнгө төлж ажиллуулж сурья гэж хэлсэн байсан. Мэдээж энэ үгийг бас өөрийх нь хариуцаж байгаа салбарт хэрэглэвэл үр өгөөжөө өгөх нь байх гэж боддог. Эдгээрээс гадна их дээд сургуулийг судалгааны их сургуулийн системд шилжүүлэх, их сургуулиуд дэргэдээ том хэмжээний бизнесийг бойжуулах, суралцагчдыг мэргэжлийх нь дагуу сайн дурын ажил хийлгэх байдлаар дадлагажуулах түншлэлийн тогтолцоо гэх мэт олон ажлууд эхлэх цаг хугацаагаа хүлээсээр байна. Гагцхүү бид хүлээх л үлдлээ….

Р.ШИНЭГЭРЭЛ

Эх сурвалж: www.ireport.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж