-“Монголд цагдаагийн жирийн албан хаагчид, үүрэг гүйцэтгэгчид долоо хоногт 70 цаг ажилладаг, харин ОХУ-д 40 цаг ажилласан байхыг шаарддаг”
-“Гаалийн байгууллага жилдээ 800-1000 гэмт хэргийн шинжтэй үйлдэл, 500 орчим захиргааны шинжтэй зөрчлийг илрүүлдэг. Энэ утгаараа цагдаатай адил хууль сахиулагчийн үүргийг ч гүйцэтгэдэг”
-“Цагдаагийн доод тушаалын албан хаагчид, гүйцэтгэх ажилтнуудын тэтгэврийн насыг 50 насаар тогтоосон нь буруу, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Тавин нас гэдэг манайхны хувьд гүйцэтгэх ажилтанд ахадсан нас”
-“Иргэдийн хяналт, ёс зүйн хороо, дотоод хяналт гээд ийм олон шахалт дарамтын дунд хууль сахиулагчид яаж ажлаа явуулах юм бэ?”
-“Хууль сахиулагчийн хэрэглэж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл зэвсэгт хүчнийхтэй адил байх ёсгүй. Хууль сахиулагчид иргэнд үйлчилдэг байгууллага учраас тэдний хэрэгсэл бусдад гэмтэл учруулахгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн таслан зогсооход чиглэсэн байх ёстой. Харин зэвсэгт хүчинд хэрэглэж байгаа зэвсэг, хэрэглэл бол довтолгоонд зориулагдсан байдаг”
-“Мөрдөгчийг эмчээр бэлгэхэд дахиад 10 жил шаардагдана, Түүний оронд сайн эмчийг аваад мөрдөгч, шүүх эмнэлгийн шинжээчээр сургасан нь дээр. Тийм учраас мөрдөгчийн сургуулийг тусад нь байгуулах ёстой”
Эдгээр үгс бол өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулсан хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр өрнөсөн яриа. Тодруулбал энэ өдөр Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд боловсруулсан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мөрдөх албаны болон Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн төслүүдээр Хууль зүйн яамнаас танилцуулга хийж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвхөн Хууль зүйн яамны харьяанд байдаг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах төдийгүй онцгой байдал, гааль болон татварын улсын байцаагч нар гэх мэт олон чиг үүрэгтэй төрийн тусгай болон захиргааны албан хаагчдыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбоотой эрх хэмжээ, үйл ажиллагааны журмыг зааж өгсөнөөрөө салбарын суурь хууль нь болж, харин Мөрдөх алба, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Хил хамгаалах болон Маршалын албаны тухай хуулиар тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах юм байна.
Өмнө нь хүчний байгууллага хэмээн нэрлэгдэж байсан эдгээр байгууллагуудын хууль сахиулахтай холбоотой үйл ажиллагааг нэгдмэл нэг хуулиар зохицуулах болсон нь тэдгээрийн ажиллах нөхцөл, үйл ажиллагааны хэм хэмжээг зэвсэгт хүчин, иргэний болон захиргааны байгууллагаас эрс өөр, ялгаатай болохыг нь зааж өгчээ.
Өөрөөр хэлбэл, хүчний гэгддэг эдгээр байгууллагууд өмнө нь төрийн нэрийн өмнөөс ажилладаг байсан бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар тэд зөвхөн хуулийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Өмнө нь тэднийг хүчний байгууллага хэмээн нэрлэж ирсэн шалтгаан нь төрийн нэрийн өмнөөс ажилладаг, тушаалаар явдаг цэрэгжсэн байгууллага гэдэг утгаар нь ингэж нэрлэж байв. Харин өнөөдөр хууль сахиулагчид иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болон өөрчлөгдөж байгаа учраас тэдний бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой. Хууль сахиулагчид төрийн робот биш гэдгийг Хууль зүйн сайд нь хэлж байна.
Эдгээрээс үзвэл хууль сахиулах үйл ажиллагааны тухай уламжлалт ойлголт өөрчлөгдөж, хамрах хүрээ нь ч өргөсч байгаа юм байна.
Харин хил хамгаалах байгууллагын хувьд ялгаатай, тодорхой хугацаанд хагас хууль сахиулагч, хагас цэрэгжсэн байгууллага байхаас өөр аргагүй аж. Өөрөөр хэлбэл, хугацаат цэргийн албан хаагчид нь цэрэгжсэн зохион байгуулалттай ажиллаж байхад тэнд байнга ажиллаж байгаа удирдах албан тушаалтнууд нь хууль сахиулагчийн байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Тэгээд ч Хууль сахиулах үйл ажиллагааны тухай болон Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдан гарвал дотоодын цэрэг гэдэг ойлголт ч байхгүй болно. Цаашдаа хил хамгаалах ажиллагааг ч гэсэн хугацаат цэргийн албан хаагчид даатгахгүй, яваандаа хилийн цагдаатай болох ёстой гэдэг асуудал хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод суугаад байгаа юм байна.
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хууль сахиулагч гэдэг нь “Гэмт хэргийг мөрдөх, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журмыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй цагдаа, мөрдөх, маршал, шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах, иргэний харьяалал, шилжих хөдөлгөөн, онцгой байдлын албан хаагчийг хууль сахиулагч гэнэ” гэсэн байна.
Хууль сахиулагчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна,
-хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, албан тушаал, байгууллагын нэр сүрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах,
-бусдын эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээллийг бусдад мэдээлэх,
-төр, байгууллага, хувь хүний нууцыг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах гэх мэт зүй бус олон үйлдлийг нь хуулиар хориглосон байгаа.
Мөн хууль сахиулагчийн үйл ажиллагаанд хяналт тавих ёс зүйн хороо, олон нийтийн хяналт, аюулгүй байдлын алба буюу дотоод хяналтын асуудлыг ч хуульчилсан байна. Энэ талаар салбарынхны зүгээс “ийм олон давхар дарамтын дор хууль сахиулагчид яаж ажиллах юм бэ” гэдэг асуултыг ч тавьж байсан. Энэ асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
-Олон нийтийн хяналт хамгийн бага байх ёстой газар бол зэвсэгт хүчин. Харин хууль сахиулагчид иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний байгууллага учраас иргэдийн хяналт зайлшгүй байх ёстой. Гэхдээ зөвхөн хэв журмын үйлчилгээн дээр. Хэрэг мөрдөлтөд бол иргэдийн хяналт гэсэн ойлголт байхгүй.. Ёс зүйн асуудлыг ч гэсэн огт өөрөөр авч үзэж байгаа. Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэх бол ёс зүйн асуудал биш, сахилга дэг журамтай холбоотой асуудал. Хууль сахиулагчийн ёс зүйн асуудлыг бид иргэнтэй харьцаж байгаа харьцаа, иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээн дээр авч үзнэ. Тиймээс хяналтын энэ тогтолцоо хууль сахиулагчдад дарамт болохгүй, бусад орны жишгээр л явж байгаа хэмээн хариулсан юм.
Товчхон хэлбэл Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг нь эргүүлийн цагдаагаас эхлээд эрүүгийн хэрэг мөрдөгчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах, иргэний харьяат гээд энэ салбарт ажиллаж байгаа бүх албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг хуульчилсан хэрэг бөгөөд тэр нь иргэдийн эрх чөлөө, хууль ёсны эрх ашигт хохирол учруулсан уу, хэр хүндэтгэлтэй хандсан бэ, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа албаны нэр хүнд болоод мэргэжлийн ёс зүйгээр хар барьсан бэ, хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгээр хэмжигдэх юм байна. Мэдээж энэ хуулийн төсөлд хууль сахиулагчдын үйл ажиллагаанаас гадна ажил олгогчдоос үзүүлэх ёстой хангамж, нийгмийн асуудал, аюулгүй байдлын хамгаалалтын асуудлыг ч бас тусгасан.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт Хууль зүйн яамны харьяа агентлагуудаас гадна гааль, татвар, онцгой байдлын албан хаагчид, мэргэжлийн хяналтын байгууллагынхнаас оролцсон юм. Учир нь төрийн захиргааны эдгээр албан хаагчдын хувьд ч ажил үүргийн онцлогоос хамаарч гэмт хэрэг, зөрчилтэй нүүр тулдаг, зөрчлийг шийдвэрлэдэг, иргэдтэй тулж ажилладаг гэдэг утгаараа хууль сахиулагчийн ажил үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэдэг байна.