АНУ-аас хамаарах дэлхий ертөнц

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

АНУ-аас хамаарах дэлхий ертөнц

-Улс орнуудын хүчний тэнцвэр, харилцаа, хамаарал, зөрчил, хямрал гээд… энэ цаг үеийн асуудалт бүрт АНУ юу бодож байгаа нь, юу хийж байгаа нь, бас юу хийх ёстой нь “Азиас Африк, Латин Америкаас ойрх Дорнод хүртэлх” үй олон улс орнуудад хамаатай хэрэг болжээ-

Барак Обама “Азиас Африк, Латин Америкаас Ойрх Дорнод хүртэл би ардчиллыг дэмжих болно” гэж мэдэг.

Хүн төрөлхтөний түүхийн цаг үе бүрт үзэл санаа, үнэт зүйл, нөлөөгөөрөө дэлхийн улс орнуудыг хүссэн, хүсээгүй түүчээлдэг аугаа гүрэн улс үүсч, энэхүү манлайлал нь нэгээс нөгөөд шилжсээр ирсэн байна. Өнөөдрийн дэлхий дахины харилцаанд үзэл бодол, үнэт зүйлс, байр сууриараа “түүчээ”-гийн үүргийг гүйцэтгэж яваа агуу орон бол АНУ гэдэгтэй маргах нь утгагүй юм. Эртний соёлт Европод болон өөр хаана ч урьд өмнө байгаагүй, уламжлал, соёл, үнэт зүйл, засаглал, зарчмын хувьд ихээхэн өөр “мөрөөдлийн” гэмээр улсыг шинэ тив дээр цогцлоосон америкчууд гэж хэн юм бэ?

Тун богино хугацаанд дэлхийн тэргүүлэгч гүрэн болж, улс орнуудын харилцааг уламжлалт дипломат арга барилаас огт өөр механизмаар зохицуулах үзэл санаагаа болон өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлээ хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрүүлж чадсан АНУ нэгэнт хэрэгжсэн энэхүү туйлын зорилгодоо үнэнч байгаагаа, үүнийхээ өмнөөс үүрэг хариуцлагыг ч өөр дээрээ авч байгаагаа дахин илэрхийллээ. Улс орнуудын хүчний тэнцвэр, харилцаа, хамаарал, зөрчил, хямрал гээд… энэ цаг үеийн асуудалт бүрт АНУ юу бодож байгаа нь, юу хийж байгаа нь, бас юу хийх ёстой нь “Азиас Африк, Латин Америкаас ойрх Дорнод хүртэлх” үй олон улс орнуудад хамаатай хэрэг болжээ. Энэ бол АНУ хэмээх хүчирхэг гүрний байр суурь, нөлөөг илэрхийлнэ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обама тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлсэн үгэндээ өөрийн гүрний энэхүү хүчирхэг байр суурийг ч давхар гаргаж тавилаа. “Азиас Африк, Латин Америкаас Ойрх Дорнод хүртэл би ардчиллыг дэмжих болно” гээд … ядарсан хүмүүс, дарангуйлал, гуйланчлал, хүчирхийлэл…дор бүх зүйлд зовж байгаа хүмүүс АНУ-ыг горьдлого тавин харж байна, бид тэднийг дэмжинэ гэсэн санааг ил тод илэрхийллээ. “Дэлхийн аль ч буланд хямрал үүссэн үүнийг шийддэг, давж гардаг механизмуудаа бэхжүүлнэ” гэж хэлснийг нь элдэв тайлбаргүйгээр үлдээхийг хүсч байна. Учир нь улс орон бүр өөрийн байр сууринаас үүнийг ойлгох биз. Дайны хийж байгаа газрууддаа цэрэг нэмж оруулна, эсвэл энхийн яриа , хэлэлцээрүүдээ идэвхжүүлнэ гэхчилэн хэдийнэ өөр өөрийн тайлбарыг өгөөд эхэлсэн байна.

Нэгэн үе дэлхийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 35 хувийг дангаар үйлдвэрлэж байсан энэхүү хүчирхэг улс улмаар олон оронд “оюун санааны үнэт зүйл”-ийг үйлдвэрлэж өгсөн гэхэд болох байх. Өөр ямар улсын ерөнхийлөгч “Бид дэлхийн хамгийн хүчирхэг улс учраас бидэнд байгаа хамгийн том сонирхол бол дэлхий дахиныг нам тайван, намжмал байлгах…” гэж хэлж зүрхлэх бэ гэж бодогдмоор.

Мэдээж АНУ-ын зарим асуудлаарх байр суурийг шүүмжлэгчид бий, бас өрсөлдөгчид ч бий. Бүр цаашилбал, АНУ-ын дэлхий дахинд тогтоосон шинэ дэг жаяг, үүнийг дагаж өөрсдөд нь ирсэн үүрэг, хариуцлага нь хоёрдмол байр суурь, өөрөө өөртэйгээ зөрчилдөх хандлагыг ч бас авчирдаг гэх юм билээ. Үүрэг, хариуцлагаас зугтах, эсвэл үүнийгээ ухамсартайгаар үүрэх гэсэн хоёр сонголтын өмнө холбирох, зөрчилдөх байдал бас ажиглагддаг гэсэн үг. Гэхдээ Барак Обамагийн тангараг өргөх үеэрээ илэрхийлсэн байр суурь хоёр дахь сонголтод тууштай байгааг нотоллоо гэж ажиглагчид харж байна. Дэлхий дээр энх тайвныг тогтоохын тулд АНУ хийх ёстой гэж үзэж байна вэ гэсэн асуултад хариулт болгож Обама “Өнөө цагт энх тайвныг тогтооход хүлээцтэй хандах, боломж бүрдүүлж өгөх, хүний нэр төртэй амьдрахуйг хүндэтгэх, шударга хандах зарчмыг бүх талаар шаардаж байна” гэжээ. Өнөөдөр олон ажил хэрэгч хүн түүний хэлсэн үгийг комьютерийнхээ дэлгэцнээ нээсэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 АНУ ганцаараа дэлхийн асуудлыг шийддэг гэвэл мэдээж өрөөсгөл, бас өөрсдийнхөө асуудлыг төгс шийдсэн диваажин ч биш. Эдийн засгийн хямралыг гэтэлж, сэргэлтийн үе рүү орлоо гэж тэрбээр хэлсэн ч нэг хэсэг нь баяжаад, олонх нь амь залгуулаад явж байхад улс орон хөгжихгүй, чинээлэг дундаж давхаргын өргөн мөрөн дээр улс орон хөгжинө гэж мэдэгдэв. Мөн манай эхнэр, охид, ээж бусадтай  адивхан цалинтай болтол тэмцэнэ гэж хэлсэн түүний  үг жендерийн асуудлаар идэвхтай ажилладаг монгол бүсгүйчүүдэд содон сонсогдож байж болох юм. Учир нь АНУ-д эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсийг эрчүүдийнхээс доогуур үнэлдэг явдал бий аж.

Хувь хүний эрх чөлөө, ардчилал, энх тайван, эдийн засаг… Энэ бүх асуудлаар дэлхий дахины төлөө санаа тавих, тэмцэх үүрэг, хариуцлагыг өөртөө хүлээсэн агуу гүрэн гэдэг итгэл үнэмшил нь ил тод мэдрэгдэх АНУ. Тэнд Ерөнхийлөгч нь юу гэж мэдэгдэхээс эхлээд эхнэр нь ямар даашинз өмсөх нь хүртэл хэн, хүний сонирхол татах нь хачирхалтай…

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж