Энэтхэг эмэгтэйчүүдийн тусгай шүүхтэй болов

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Энэтхэг эмэгтэйчүүдийн тусгай шүүхтэй болов

Энэтхэг улс эмэгтэйчүүдтэй холбогдсон гэмт хэргийг цаг алдалгүй шийдвэрлэх  зорилготой Эмэгтэйчүүдийн тусгай шүүхийг тус улсын хүн ам шигүү суурьшсан Баруун Бенгаль мужид байгуулжээ. Дан ганц эмэгтэйчүүдийн хэргийг хэлэлцэх тус шүүхэд хоёр эмэгтэй шүүгч ажиллах бөгөөд хуульч, өмгөөлөгч гээд бусад албан хаагчид нь ч мөн эмэгтэйчүүд байх гэнэ. Эмэгтэйчүүдийн шүүхийн зорилго нь Энэтхэгийн нийгмийн хөндүүр болсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдтэй холбоотой гэмт хэрэг, маргааныг яаралтай, шударгаар шийдвэрлэх явдал аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод автобусаар зорчиж явсан оюутан бүсгүйг долоон этгээд бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарч, богино хугацааны дотор ийм төрлийн гэмт хэрэг хэд хэдэн удаа гарсны дараа тус улсын бараг бүхий л хотод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар хууль батлах, үүнд чиглэсэн дорвитой алхам хийхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал гарах болсон билээ. Эсэргүүцлийн эдгээр арга хэмжээний үр дүн эхнээсээ гарч ийнхүү эмэгтэйчүүдийн тусгай шүүх байгуулагджээ. Баруун Бенгаль дахь эмэгтэйчүүдийн шүүх хянан хэлэлцэх эхний хэргүүдээ хүлээн авсан тухай Калкуттын дээд шүүхийн шүүгч Арун Мишра мэдээлсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж