
-Европын технологийг нэвтрүүлвэл сайн гэдэг. Ингэж барууны жишигт нийцэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Европын орнуудын хоорондын харилцаа холбоо, улс улсад тавигдах салбар бүрийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны стандарт нэг тогтолцоонд байдаг. Анхандаа социалист ч бай, өндөр хөгжилтэй орон ч бай нэг эгнээнд алхахын тулд нэг стандартаа мөрд гээд шаардаад эхэлснээр ижил хэмжээнд хүртлээ ийнхүү хөгжиж чадсан байна. Тэгвэл манай орны хувьд, европын бүс нутаг биш ч гэлээ дэлхийд мөрдөөд байгаа европын стандартыг нэвтрүүлвэл их ач холбогдолтой. Ойрын нэг жишээ дурдъя. Хятадын хувьд, барууны орнууд руу гаргадаг бараа нь тусдаа байдаг. Учир нь, европын улсуудын өндөр стандартад нийцсэн барааг л нийлүүлэх боломжтой. Гэтэл Монголд ч юм уу, Азийн орнуудад нийлүүлдэг бараа нь чанарын хувьд доогуур байх жишээтэй. Тиймээс гадны боломжийн үнээр өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ авдаг болмоор байна. Энэ ажлын эхлэл нь эрчим хүчний салбарт европын технологийг нэвтрүүлэх ажил шүү дээ.
-Германы эрчим хүчний стандарт, технологи нь ямар учраас манайд нэвтрүүлэх гээд байна вэ?
– Ер нь эрчим хүчний салбар бол хамгийн том салбарын нэг. Тэгэхээр эрчим хүчний салбараа доголдолгүй болгохын тулд яах ёстой вэ гэдэг талаас аж ахуй нэгжүүд, иргэд олон нийтээс санал авсан. Ингээд сэргээгдэх эрчим хүч нь дээр юм байна гэж үзсэн. Үүнд нарны болон салхины эрчим хүч орно. Салхины эрчим хүч гэхээр том паркууд, тээрмүүдийг байгуулдаг. Тиймээс Германаас салхин цахилгаан станцыг байгуулахад тоног төхөөрөмж суурилуулах зай талбай нь ямар байдаг, нэг сэнс нь хэдий хэмжээний хүч гаргах, эдгээрийг нийлүүлээд түгээх сүлжээндээ хэрхэн дамжуулах гээд норм дүрмийг нь нэвтрүүлнэ гэсэн үг.
-Жишээ нь яг аль технологийг оруулж ирэх боломжтой вэ?
-Европын салхин сэнсний ISO 61400 стандартыг Монголд оруулж ирэх гээд орчуулж эхэлсэн. Энэ нь салхин сэнсийг байгуулах норм, дүрэм юм.
-Энэ нь яаж хэмнэлтийг мэдрүүлэх юм бэ?
-Хэмнэлт гэдгийг хэрэглэгчдэд очих хэрэглээгээр дүгнэж болно. Тэрнээс биш барууны технологийг ашиглах гэхээр өндөр үнэтэй тусах болвол аж ахуй нэгжүүд Хятадын төхөөрөмжөө авах нь дээр юм байна гэнэ. Тэгэхээр Германы талаас стандарт нэвтрүүлэх зардлыг бүрэн даагаад, иргэдийн хувьд дэлхийд зөвшөөрөгдчихсөн чанарыг боломжийн үнээр эдэлж чадна гэдэг нь хэмнэлт болох нь. Энэ асуудлыг салхин сэнснээсээ шийдээд улс орны хувьд ч хэмнэлт болно шүү дээ.
-Хэдий хэмжээний өртгөөр эрчим хүчний стандарт, технологийг нэвтрүүлэх бол?
-Энэ төсөл нь Германы Засгийн газрын санхүүжилтээр Германы техник, хамтын ажиллагааны байгууллагаас 200 мянган еврогоор Монголын эрчим хүчний салбарын стандартыг шинэчлэх ажлыг хийнэ. Үндсэндээ манай улсаас ямар ч мөнгө, төлбөр шаардагдахгүй. Монголын эрчим хүчний салбарын нөхцөл байдал, шинэ стандартыг нэвтрүүлэхэд Эрчим хүчний яам салбарынхаа бодлого, боломжийг зангидаж, стандартын талаас нь Стандартчилал хэмжил зүйн газар дэмжиж хамтран ажиллана. Одоогийн байдлаар төслийг хэрэгжүүлэх эхний үе шатандаа явж байна.