
Энэ удаагийн Давосын чуулга “Эрсдэлийг даван туулах чадвар” сэдвийн дор болж дэлхийн 100 гаруй орны 1400 байгууллагыг төлөөлсөн улстөр, бизнес, нийгэм, шинжлэх ухааны салбарын 2500 гаруй төлөөлөгч, Засгийн газрын 45 тэргүүн оролцож байна. Үзэсгэлэнт Швейцарь орны Альпийн нурууны рашаан сувиллын Давос хотод жил бүрийн нэгдүгээр сард болдог энэ уулзалтын эхлэл даяаршил гэдэг ойлголт бий болохоос бүр өмнө, дэлхийн дийлэнх улсууд АНУ, ЗХУ гэсэн хоёр лагерьт хуваагдаж хүйтэн дайны цан хүүрэгт дарагдаад байсан тэртээ1971 ондтавигджээ.
Анхлан бизнесийнудирдагчид уулзаж хөрөнгө мөнгө, менежментийн асуудал хэлэлцдэг байв. Яваандаа хэлэлцдэг сэдэв нь өргөжиж, менежментээс хальж, 1974 оноос бизнесийн хүрээнийхэн дээр улстөрийн удирдагчид нэмэгдэн Давост уулзах болов. Жил бүрийн уулзалтыг1987 он хүртэл Европын чуулга уулзалт хэмээн нэрийдэж байсан ч тэр үеэс социалист орнуудад ил тод байдал, өөрчлөн байгуулалтын урь унаж,ардчиллын салхины үзүүр үнэртэн, Давосыг зорих улс орнуудын төлөөллийн тоо нэмэгдсээр Дэлхийнэдийнзасгийнчуулгауулзалтнэртэй болжээ. Жил болгоны эхээр Монголын Төрийн тэргүүний зорьдог Давосын чуулга уулзалт гэдгийн “намтар түүх”-ээс дурдвал ийм.

Давосын чуулгауулзалтын зарчим их сонин. Тэнд болдог семинар, нэгдсэн хуралдаанууд, дугуй ширээний уулзалт, яриа бүгдээрээ албан ёсны бус байдалд болдог аж. Албан протокол хөтлөхгүй, тогтоол шийдвэр гарахгүй. Тэгсэн атлаа улс гүрнүүдийн төр, засгийнтэргүүн нар, томоохон компаниудын удирдагчид, нэртэй зартай эдийн засагч, эрдэмтэд, улстөрчид цугларч дэлхий дахины эдийн засаг, улс төрийн сэдэв, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ярилцдаг байна. Шийдвэр гаргадаггүй, протокол хөтөлдөггүй юм бол тэнд уулзаж, ярих хөөрөхийн хэрэг юу байна гэж үү. Нутаг нутагтаа очоод ярьж хэлэлцэж байр суурь нэгдсэн асуудлаас юу нь тухайн оронд тулгамдаад байгааг шийдвэрлэх ажилд орно гэсэн үг. Энэ удаагийн барьж авсан “Эрсдэлийг даван туулах чадвар” гэсэн сэдэв өргөн хүрээтэй. Дэлхий нийтийг хамрах шинжтэй болсон санхүү, эдийн засгийн хямралаас эрсдэлгүй гарах тухай байж болно. Бас байгаль орчинд тулгараад буй эрсдэл, улс орнуудын хооронд нисэх мэт тархах болсон өвчин халдварууд ч байж болно. Ерөөсөө л хавтгайрсан дэлхийн аль ч улс оронд тулгарч болох эрсдлийг улс орон бүр өөр өөрийн аргаар даван туулах чадварын талаар тэр 2000 гаруй хүн ярилцаж байж таарна.
Монголд хамаатай асуудал гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга, профессор Клаус Швабыг хүлээн авч уулзсан байна. Ноён Клаус Шваб Монгол Улс өөдрөг боломж дүүрсэн манлайлал, санаачилга, оролцоогоороо тод ялгарсан орон болж байгааг талархан магтжээ. Монгол Улс “Чингис бонд” гаргасныг, авлигын индекс огцом буурч 20 гаруй байр алгасан урагшилж авлигаа амжилттай дарж яваа орны тоонд орсныг ихэд үнэлсэн байна. Монгол Улс өмнө нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай ус, уул уурхай, авлигатай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тэгвэл энэ 2013 оноос Монголын Улсын оролцоо, хамтын ажиллагааны шат дээшилжээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь үүний нотолгоо болжээ.
Санамж бичигт дурдсанаар Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг ойрын жилд Монгол Улсад зохион байгуулах талаар ажиллахаар болжээ. Монголын томоохон компаниудыг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гишүүнээр элсүүлж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцуулахаар тусгаад байна. Энэ оны намар, есдүгээр сард Улаанбаатар хотод Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэлэлцэх дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар боллоо. Дугуй ширээний уулзалтын дүнг ирэх 2014 оны нэгдүгээр ссард болох Давосын чуулга уулзалтын үеэр танилцуулна. Ийнхүү Монгол Улс Давосын чуулганы түнш боллоо.
Үүнээс ч илүү үр дүн чуулганы үлдсэн хугацаанаас гарах биз ээ.