Хөдөлгөөнт эргүүлийнхэн хаачив

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийнхэн хаачив

Өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт  байгууллагынхаа  бүтэц, бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийж,  нийслэлийн Хөдөлгөөн эргүүлийн газрыг татан буулгасан. Татан буулгасан шалтгаан  нь хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж чаддаггүй, харьяалагдах дүүрэг хорооноосоо өөр газар явдаггүй, хэргийн газар очдоггүй, тэр ч байтугай мэргэжил нэгт хэсгийн байцаагч нартайгаа уялдаа холбоотой ажилладаггүй гэх мэт. Иймд тэрбээр ийнхүү татан буулгаж, дүүргүүдийн цагдаагийн байгууллагад 1000 гаруй албан хаагчдыг нь шилжүүлсэн. Ингэснээрээ дээрх дутагдлууд арилж, иргэдтэйгээ ойртсон аюулгүй орчинг бүрдүүлж ажиллах болов уу гэж бодож байтал тэгсэнгүй. Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар татан буугдахаасаа өмнө тус газрын алба хаагчид алаг машинтайгаа аль нэг гудамжны үзүүрт, гэмт хэрэг гарч болзошгүй газарт харагддаг байсан бол татан буугдаж, дүүргүүд рүү шилжсэнээсээ хойш “өдрийн од” шиг харагдах болж. Бүр хаа нэг газар гэмт хэргийн шинжтэй үйл явдал болоод, дуудлага өгөөд байхад ч ирэхгүй байна гэсэн.

Хэд хоногийн өмнө нэгэн эрэгтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт машинтайгаа явж байтал бор дарсанд нэлээд донхойсон өсвөр насны хоёр залуу явах замыг нь хязгаарласан байгаа юм. Улмаар жолооч дуут дохиогоо дуугарахад согтуу залуус элдвээр харааж машин нь руу нь дэлсээд авч. Үнэ цэнэтэй эд хөрөнгөө согтуу залуусаар сэв гаргуулахыг хүсээгүй жолооч машинаасаа бууж, нөгөө хоёр дээр очтол үгийн зөрүүгүй цохисон байгаа юм. Мэдээж цохиулсан эр яаж зүгээр байх вэ. Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд согтуу залуусыг явуулахгүй санаатай ноцолдож куртка, цамц гээд өмсөж явсан хувцсаа уруулж тасдуулан 40-өөд минут болсны дараа сая нэг цагдаагийн машин дуут дохиогоо хангинуулан ирж. Гэхдээ хөдөлгөөнт эргүүлийн алаг суудлын машин биш, харин ОХУ-д үйлдвэрлэсэн “Фургон” маркийн машин ирсэн гэсэн. Мөн хичээлдээ суучихаад Сансрын туннелийн орчим явж байсан гурван оюутанг ааг омогоо барьж ядсан согтуу залуус өдөн хоргойж, шүд, хамрыг нь хуга цохиж олон нийтийн газар танхайрсан. Түүнчлэн хаа нэгтэй согтуурхан “ална тална” гэж орилох залуучууд иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх мэт хэрэг зөрчлүүд удаа дараа гараад байхад “Амар тайван амьдралын төлөө” гэх уриа хэрэглэдэг цагдаагийн алба хаагчид, тэр дундаа хөдөлгөөнт эргүүлийнхэн хаана байв.

Нийслэлийн төв болох Баянгол дүүргийн автозам дээр автомашины хөдөлгөөнийг  хязгаарлан гурван залуу ийнхүү муудалцаж, 40-өөд минут болсон байхад нөгөө иргэддээ хүрч ажиллах хөдөлгөөнт эргүүлийнхэн бас л байсангүй. Уг нь тэд дуудлага авсан даруйдаа хэргийн газар 3-5 минутын дотор очих ёстой. Гэвч гурав нь 30 болсон бололтой юм.

Уг нь Хөдөлгөөнт эргүүлийн газар нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 2011 он хүртэл Мэдээлэл, шуурхай удирдлагын  төвд  ирсэн 41 мянга 100 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс  гэмт хэргийн шинжтэй 2483 зөрчлийг шуурхай илрүүлж, 4651 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож байсан.  Мөн 7134 гэмт хэргийг илрүүлж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалуулахаар шилжүүлж байсан байгаа юм. Тэдний илрүүлсэн хэргийг ангилбал  хүн амь  46, хулгай 1354, дээрэм 357, хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг  169, танхай  4120, хүчингийн 229 үйлдлийг илрүүлж байсан.  Мөн өнгөрсөн 2008 онд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн 17 мянган 148 дуудлагын 12 мянга 136-д нь нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид очиж, хэргийг илрүүлж таслан зогсоосноор нийслэлд гарч буй хэрэг зөрчлийн 70 хувьд нь очдог байж. Гэвч тус байгууллагыг татан буулгаж дүүргүүд рүү нь шилжүүлснээр энэхүү үзүүлэлт  дээшлэх ёстой байтал харин ч бүр дордсон гэдгийг дээрх хэдхэн жишээ харуулж байна.

Зодоон нүдээн, танхай байдал гэхээсээ илүүтэйгээр автомашины хучлагын хулгай ихсэж байна. Энэ нь мэдээж хөдөлгөөнт эргүүлийнхэн харагдахгүй, байхгүй болсонтой шууд холбоотой. Цагдаагийн байгууллагад автомашиныхаа хучлагыг хулгайд алдсан гэсэн дуудлага өдөрт дунджаар тав зургаа ирдэг гэсэн.  Мөн тун удахгүй олон түмнээрээ өргөн тэмдэглэдэг Сар шинийн баяр болно. Үүнийг дагаад орон байрны хулгай тодорхой хэмжээгээр ихэсдэг. Хэрвээ цагдаагийн байгууллагынхан маань иймэрхүү  янзаар ажиллабал  орон байрны болон хучлагын хулгай утгаа алдах нь ойлгомжтой болоод байна. Иймээс цагдаагийн байгууллагын алба хаагчдыгаа хэрхэн ажиллаж байгаад хяналт тавихгүй бол танхай залуус болон урт гартай хулгай ч нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна шүү. Б.Билэгт дарга аа.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж