Шүүх байгуулах тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Шүүх байгуулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж, гишүүдийн 74.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Хуулийг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөх юм байна.

Гэхдээ хуулийн төслийг батлахын өмнө ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж тус бүр зүйл заалтаар нь баталсан юм. Тухайлбал, анхны өргөн барьсан төсөлд Дорнод аймагт Давж заалдах шатны шүүх байгуулж, Хэнтий аймгийнхныг мөн хамааруулсан.

Тиймээс хэнтийчүүд шүүхэд давж заалдах бол тус аймагт очихоор зохицуулсан байсан аж. Гэвч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ горимын санал гаргаж, Хэнтий аймагт давж заалдах шатны шүүх байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Харин ажлын хэсгийн төвшинд давж заалдах шатны шүүхийг Хэнтий, Дорнод хоёр аймгийн альд нь байгуулах вэ гэдгийг нэлээд нухацтай хэлэлцсэний дүнд Дорнод аймагт Давж заалдах шатны байгуулахаар санал нэгдсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжив. Ийм шийдэл гаргахад юуг үндэслэл болгосныг УИХ-ын гишүүн Л.Цог мөн тайлбарласан юм. Тэрээр “Дорнод аймгийн хүн амын тоо, нягтаршил, алслагдмал байдал зэргийг харгалзан үзсэн. Хэрэв Хэнтий аймагт давж заалдах шатны шүүхийг байгуулбал Дорнод аймгийн Халх гол сумынхан хөндөгдсөн эрхээ сэргээлгэхийн тулд 1200 км зам туулж Хэнтий аймагт очих болж байгаа. Тиймээс анхны заалтаараа явах нь зөв гэж үзсэн. Гэхдээ Хэнтийд Давж заалдах шатны шүүхтэй байх шаардлага бий” гэж байлаа.

УИХ-аар эхний хуулийн төслийг баталсан тул одоо Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж