Мексикт хоригдож байсан франц бүсгүйг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Мексикт хоригдож байсан франц бүсгүйг суллажээ

Хүн хулгайлж, барьцаалсан хэргээр 2007 онд Мексикийн дээд шүүхээс 60 жилийн хорих ял сонссон франц эмэгтэйг суллажээ. Дээд шүүхийн зөвлөлийн таван шүүгчээр гурав нь түүний суллах нь зүйтэй гэдэгт санал өгснөөр Флорен Кассез гэгч бүсгүй гэртээ харих боломжтой болсон байна. Хэргийг мөрдөн шалгах бүхий л явцад тэрбээр гэмт хэрэгт буруугүй, хэлмэгдүүлж байна хэмээн мэдэгдсээр байсан аж.

Франц, Мексик хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгасан гэгддэг тус хэргийн талаар ийнхүү нааштай шийдвэр гаргасанд францчууд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Мексикийн шүүхийн дээрх шийдвэртэй холбогдуулан Кассезийн ээж Шарлотте мөн Францын телевизэд өгсөн ярилцлагадаа маш их баярлаж, догдолж буйгаа хэлжээ. Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дээрх хэрэг нь хоёр улсын хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудлын нэг байсан хэмээгээд, өчигдөр орой Кассезтай утсаар холбогдсон тухайгаа мэдэгдсэн байна.

Кассез бүсгүй шоронгоос суллагдмагц Мехико хотын олон улсын нисэх буудлыг зорьсон бөгөөд өнөөдөр шөнө Парисыг зорих гэнэ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж