Мирей Матье: Хайрын талаар хийсвэр ярьж болохгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Мирей Матье: Хайрын талаар хийсвэр ярьж болохгүй

Энэ эмзэг турьхан эмэгтэйд дэндүү хүчтэй хоолой заяагдсан. Бас тэр хайраар бялхсан халуун зүрхтэн. Тэр их хайраасаа Мирей хуваалцахыг хүсчээ. Комминист Зөвлөлтөд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн барууны дуучдын нэг нь Мирей. Тиймдээ ч оросууд өнөөдрийг хүртэл түүнийг шүтэн биширдэг, тийм ч учраас Мирей Орост ирэх дуртай гэнэ. Дуучин бүсгүй шинэ оны өмнө Москвад ирэх үеэр дараах ярилцлагыг өгчээ.

-Мирей, та Оросын байнгын зочин. Шүтэн бишрэгчид тань хүртэл таныг Оросын иргэн болгох ёстой гэж тоглоом, шоглоомоор ярих болсон. Оросууд чухам яагаад таны уран бүтээлийг ингэж чин сэтгэлээсээ хүлээн авдаг тухай таны сэтгэгдлийг сонсох гэсэн юм?

-Үнэхээр гайхалтай. Би Орос оронтой зүрх сэтгэлээрээ холбогдоод 40 жил болж байна. Би ч Орост, оросууд ч надад хайртай, надад аз жаргалыг мэдрүүлдэг. Миний амьдрал дахь хамгийн урт “харилцаа” нь энэ юм! Миний хувьд таашгүй агуу зүйл. Гэхдээ бид сэтгэл зүрх, нандин харилцаагаар холбогдсон. Хэрэв та хүмүүст аз жаргал, баяр хөөр бэлэглэж, та тэдэнд хэрэгтэй, шаардлагатай гэдгээ мэдэрч байвал тэр нь аз жаргал. Саяхан би Уралаар тоглолт хийж яваад франц хэлний хичээлдээ миний дууг ашиглаж байгааг олж мэдсэн. Намайг хэрхэн догдолж, баярласныг та төсөөлөх ч үгүй байх.

Би орос дуунд ч бас дуртай. “Очи чёрные” романс гэж гайхалтай бүтээл байна. Оросын сүлд дуу нь нэг л агуу, хөгжимд нь бүр татагдсан. Орос миний сэтгэл зүрхэнд том орон зай эзэлдэг юм.  Дотоод сэтгэл нь гадна төрхөд нөлөөлдөг гэх. Надад орос царай, төрх гараад иржээ гэж ярьж байсныг санаж байна.  Хэдийгээр би мах цусны франц эмэгтэй  ч тэгж сонсох нь таатай л байлаа.  Оросын талаар сэтгэлийнхээ талаар яриад байвал дуусахгүй…

Оросын хотууд, Москвад очихдоо би өөрийгөө католик сүсэгтэн гэдгээ байнга санан танай сүмүүд, тэр гялалзах оройг нь хараад л баймаар байдаг. Москвад би Гайхамшгийг бүтээгч Николайн сүмд очих дуртай. Харин миний эх бол гоо сайхныг нь бишрээд ч баршгүй Буянт Василийн сүмд дуртай.

Нэгэн удаа би санамсаргүйгээр Москвагийн сүмд ороод сүй тавих ёслолтой таарсан юм. Шинэ хосууд намайг шууд танилаа. Би тэдний баярт баяр нэмэх гээд дуулж өгсөн. Тэд намайг хуримынхаа найранд уриад, би дахиад л дуулсан. Үнэхээр мартагдашгүй үе байлаа..

Би орос пирожки, бинд ямар их дуртай гээч. Үнэхээр хуруугаа долоомоор амттай шүү!
 
-Орос эрчүүд таны “эргүүлсэн” удаа нэг биш л байгаа байх?

-Хувийн амьдралын сэдэв бол миний хувьд хориотой зүйл. Хүн бүрт дэлгээд байдаггүй миний том нууц гэх үү дээ. Гэхдээ оросын шүтэн бишрэгчдийн хүрээлэлд орчихсон байсан үе бий. Танай эрчүүд маш эрэмгий, бүсгүй хүнийг эргүүлэх тал дээр гарамгай.

-Та хайр сэтгэлийн маш нарийн мэдрэмжтэй, таны олон дууг хүмүүсийн харилцааны драм гэж нэрлэж болно. Үг бүр нь сэтгэлд хүрдэг. Та  өөртөө тэр мэдрэмжийг хэрхэн тогтоодог вэ?

-Хайр сэтгэлийн талаар хийсвэр яриа  байх ёсгүй. Хайр бол маш эмзэг, маш энхрий мэдрэмж учраас тэр талаар ярилцахад яарч, өнгөц хандах хэрэггүй.

-Уламжлалт нэгэн асуултаас зайлж чадахгүй нь. Та хэрхэн ингэж аятайхан дүр төрхөө хадгалж байна вэ?

-Магтсанд тань баярлалаа. Нэгдүгээрт генетик гэж нэг юм байгаа нь нөлөөлдөг. Дараа нь би ус их уудаг, тамхи татдаггүй, нарнаас зугтахыг хичээнэ. Хоолондоо биологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэгдэг. Нойр сайн авахыг хичээнэ.. Сайн нойр бол сайхан харагдах нэг шалтгаанаас гадна дуу хоолойн өнгийг шимтэй болгодог.

-Оддын гэж нэрлэх юм бол та амьдралын ямар хэм хэмжээг барина вэ?

-Оддын гэж юу хэлнэ вэ? Миний бодлоор, надад хүссэн амьдрал минь л байна. Миний өдрүүд янз бүр байдаг л даа. Ер нь бол би амьдралынхаа хэм хэмжээг дэг журамтай гэнэ. Мэргэжил маань үүнийг шаарддаг. Надтай хамт амьдардаг миний дүү бөгөөд миний менежер Матита ч ийм л дэгтэй. Тоглосон юм аа!

Надад концерт, тоглолт төлөвлөгдөөгүй ч би өдөр бүр хоолойн дасгалаа хийдэг. Залуу цагаасаа ажилдаа хариуцлагатай хандаад сурчихсан юм. Ажилтай болох боломж гарч ирсэн  үед ямар их аз жаргалтай байснаа санаж байна. Тэр цагт үйлдвэртээ очихын тулд өглөө дөрөвт босдог байсан ч би гэр бүлдээ туслан гэртээ мөнгө авчрах болсондоо хязгааргүй баяртай байсан юм. Би айлын том хүүхэд, миний эцэг эх 14 хүүхдийг өсгөж хөл дээр нь босгожээ. Одоо надад хичнээн олон ач зээ байгааг төсөөлөөд үз дээ. Тэднийг бэлэг сэлтээр эрхлүүлэх гэдэг нь асар том аз жаргал юм даа!

-Гэхдээ таны амьдрал мэдээж бүхэлдээ тансаглал. Үүнд мөнгө үрэх харамсалтай биш үү?

-Миний анхны тансаг эдлэл нь ердийн ванн болсон юм. Тэр нь маш эрт, намайг хүүхэд байхад шүү дээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлсний дараа эцэг, эхэд маань жинхэнэ ваннтай дөрвөн өрөө байр өгч бид хагартлаа баярлаж байлаа. Энүүхэндээ гэж хэлэхэд одоо дэлхийн олон оронд хүмүүс ваннтай болж чадаагүй л байна. Усгүй амьдралаар олон хүн амьдарч байна шүү дээ.

Нэг үгээр, гомдлоод байх эсвэл ямар нэгэн илүүдэл хүсэх нь миний хувьд нүгэл болно. Одоо миний тансаглал бол бурхны буянаар эхтэйгээ цуг байгаа минь. Ээж маань 91 нас хүрсэн ч би түүнийг ийш тийшээ авч яваад, дэлхийг үзүүлэхийг хичээдэг. Москвад бид хоёр ирлээ. Үүний зэрэгцээ миний хүсэл мөрөөдлөөс биелж байна. Энэ чинь нэг ёсондоо тансаглал биш гэж үү? 

Зарлагын хувьд гэвэл, эмэгтэй хүн л юм болохоор Shopping хийх дуртай. Сайхан хувьцас, гутал бол миний сул тал. Гэхдээд давтаад хэлэхэд, өөрийн төрөл төрөгсөд, найз нартаа бэлэг өгөх нь миний жаргал юм. Үүнд хэзээ ч мөнгө хайрлаад байдаггүй.

-Улс төрийн өнгө аястай асуудал тавихыг зөвшөөрнө үү. XXI зууныг хил хязгаар нээгдсэн үе гэж болно. Цагаачдын асуудал дэлхийн олон оронд, түүний тоонд Францад том асуудал болоод байна. Таныхаар шинээр гарч ирж байгаа францчууд уугуул францчуудын соёл, амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би улс төр ярьдаггүй, сонирхдоггүй. Би дуучин хүн. Бүх ард түмний соёлд хүндэтгэлтэй ханддаг гэдгээ хэлж чадах байна. Ер нь бусад үндэстний хөгжмийн өв, хоол хүнсний уламжлал нь дэлхийн хүн төрөлхтний амьдралыг баяжуулж, сонирхолтой болгож байна шүү дээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж