У.Хүрэлсүх улстөрд эргэн ирэв үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх улстөрд эргэн ирэв үү?

Ардын намын залуус намын дарга Ө.Энхтүвшиндөө шаардлага гардуулжээ. Үүний ялдамд намын даргыгаа албан тушаалаас нь авч хаях тухайгаа ч дуулгаад амжсан юм байх. Сонгуулиар ялагдал хүлээсэн ах намынхан шинэчлэл хийж, удирдлагуудаа “цэвэрлэсэн” гэлцдэг ч нэр бүхий эрхмүүдийн хувьд нам удирдлагуудынхаа байрлалыг сольсноос биш шинэчлэл огт хийгээгүй гэж хэлэх нь бий.  

Ийнхүү намын даргадаа шаардлага гардуулж  нэр нь түгэх болсон эрхмүүдийн дотор Я.Төмөрбаатар,н.Аюурсайхан, н.Батсүмбэрэл нар буй. Тэд бүгд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн зөвлөхүүд юм байна. Тухайлбал, Я.Төмөрбаатар МАН-ын Хэвлэл мэдээлэл сурталчилгааны албаны даргаар ажиллаж байгаад 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдсаны дараа У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон аж. Харин н.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хоёр сар ажилласан нэгэн. Боловсролтой, мэдлэгтэй энэ залууг буурал намын залгамж халаа гэж үнэлдэг ч экс генсекийн зөвлөх гэх уяа хүзүүнээс нь оосорлодог байна. н.Батсүмбэрэл ч гэсэн олонд төдийлөн танил биш боловч мөн л  У.Хүрэлсүхийн зөвлөх гэдгээр намынхан нь андахгүй аж.

Харин улс төрөөс ангид байж, ар гэртээ санаа тавихаар явсан генсекийн зөвлөхүүд намын шинэчлэл ярьж, нэрд гарах болсон нь улстөрийн хүрээнийхний анхаарлыг татах болжээ. Тэр ч бүү хэл, намын шинэчлэл нэрийдлээр бослого гаргаж, өнөөгийн намын даргаа огцруулах асуудлыг хурцаар тавьж эхэлсэн нь сонирхол татах халуун сэдэв болсон байна. Учир нь эдгээр залуусын цаана У.Хүрэлсүх байх вий гэх хардлагыг хамгийн ихээр төрүүлэх болжээ. Дээр нь БНСУ-д гэргийгээ эмчлүүлэхээр өнгөрсөн онд хилийн дээс алхаж байсан тэрээр саяхан эх орондоо ирсэн гэх мэдээлэл ч бас чих дэлслээ.

Түүнийг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, ар гэрээ сонгож байх үед улс төр судлаачид “У.Хүрэлсүх эргэж ирнэ ээ” гэж байсан нь ийнхүү биеллээ олох нь гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.

Тэгэхдээ У.Хүрэлсүх улстөрд эргэж ирэхдээ намын даргаа муухай харагдуулах шалтаг шалтгаан юу байв гэх асуулт ч зүй ёсоор тавигдах болжээ.

Нөгөө талаас үргэлж дуулиан тарьж явдаг энэ нөхрийн өмнөх үйлдлүүд намдаа уршиг тарьсан гэж Ш.Сайхансамбуугаас эхлээд олон гишүүн хэлдэг. Учир нь УИХ-ын сонгуульд Ардын намыг ялагдал хүлээхэд хүргэсэн хамгийн анхдагч шалтгаан нь намын нэрийг өөрчилсөн явдал болохыг тус намынхан Бага хурлаа хийх үеэрээ хүлээн зөвшөөрсөн билээ. Уг нь намын нэр өөрчлөх асуудал У.Хүрэлсүхийг ерөнхий нарийн бичгийн дарга байх үед хөндөгдсөн асуудал биш, Н.Энхбаярын үед эхлэл тавигдаж Х үсгийг халах тухай яригдсан ч ажил хэрэг болоогүй. Харин хоёр дахь удаагаа асуудал тавигдахад С.Баяраас эхлээд олон хүн “Намын нэрээрээ оролдох нь эрсдэл дагуулна” гэж анхааруулсан ч У.Хүрэлсүх генсек хүлээж авалгүй өөрийнхөө зоригоор зүтгэжээ. Тиймдээ ч намынхаа нэрийг сольчихоод хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Намын нэрнээс болж ялагдал хүлээвэл бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ” хэмээн том дуугарсан нь бий.

Гэтэл харин намын нэр сольсноос үүдэлтэйгээр гишүүд нь хоёр хуваагдан  УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдал хүлээж, нам дотроо хагаралдахад хүргэсэн гол буруутныг хайж эхлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, журмын нөхдөө дайны талбарт үлдээгээд явж одсон гэж намынхан нь муулдаг. Мөн энэ үед УИХ дахь МАН-ын гишүүд бүлэггүй, бүлгээ албан ёсоор байгуулахын тулд УИХ дахь АН-ын бүлгийг царайчилж байсан тэр хүнд үед УИХ-ыг орхин одсон нь ч бас намынхан төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан. Гэтэл ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, хаалга тогшсон энэ үед У.Хүрэлсүхийн зөвлөх байсан эрхмүүд намынхаа эсрэг ажиллаж, Ө.Энхтүвшинг өөрчлөх асуудлыг тавьж эхэлсэн нь У.Хүрэлсүх улстөрд эргэн ирснээ ийн зарлаж байна гэж дүгнэхэд хүргэж буй бололтой. Тэгэхдээ  зөвлөхүүд нь хар толгойгоороо шинэчлэл нэхэмжилж, намын даргаа огцруулахаар шийдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

Юутай ч У.Хүрэлсүх хэмээх нэрийн эргэн тойрон дахь “улстөр” эрчимжиж мэдэх нь.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж