Чингисийн нэрийг ашиглахгүй байх төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Чингисийн нэрийг ашиглахгүй байх төслийг хэлэлцэнэ

Чингис хаан нэр, Чингис хааны албан ёсны хөрөг, Соёмбо бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэх нь.  Энэ хуулийн төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон УИХ-ын гишүүн Д.Ганбат Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нартай хамтран боловсруулж, Засгийн газрын саналыг сонсохоор илгээгээд байсан юм.

Уг хуулийн төсөлд хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага Чингис хааны нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах тохиолдолд, иргэн Чингис хааны нэр, хөрөг, бэлгэдлийг аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэх, ашиглах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргахаар заасан бөгөөд харин согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэхийг шууд хориглохоор заасан байна.

Түүнчлэн уг хуулийн төсөлд иргэний нэр болон энэ хуулиар хориглосноос бусад урлаг, соёлын бүтээлд Чингис хааны нэр, Чингис хааны албан ёсны хөрөг, Соёмбо бэлгэдлийг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд Соёмбо бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хамаарахгүй байхаар тус тус тусгаад байгаа аж.  Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд, зарчмын хувьд дэмжсэн бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барихаар болоод байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж