Монголчууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн үндэсний их баяр болох “Цагаан сар” хаяанд ирж буй энэ өдрүүдэд энэхүү баярыг өрх гэр бүр эдийн засгийн зардал чирэгдэл багатайгаар, цэвэр цэмцгэр, аюулгүй орчинд соёлтой, зөв зохистойгоор тэмдэглэн өнгөрүүлэх талаар Нийслэлийн төр захиргааны байгууллагууд төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллахаас гадна аж ахуйн нэгж байгууллага, тэдний удирдлага, ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд та бидний оролцоо, хариуцлага нэн чухал юм. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Эрхэм хүндэт Нийслэлчүүддээ хандан уриалж байна.
- Монголчууд сар шинийн баяраа угтаж гэр байшин, хашаа хороогоо цэвэрлэн тоос шороогоо гөвөн шинэ оноо цэвэр цэмцгэр угтдаг уламжлалтай ард түмэн билээ. Энэхүү уламжлалаа даган өрх гэр бүр, байгууллага аж ахуйн нэгж болгон гадна дотно цэвэрлэгээгээ хийж, хог шороо, цас мөсөө цэвэрлэн шинэ оноо угтах
- Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатлыг бууруулах үүднээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, бие биеэ хүндэтгэн, хууль дүрмээ сахин хэрэгжүүлэх
- Өнөөгийн даяаршлын эрин үед ахмадуудынхаа амрыг эрэн золгож, хотол олноороо цуглахдаа ахмадууд нь хүн бүрт бараа бүтээгдэхүүнээр гарын бэлэг тараах бус, ураг төрөл, зочин гийчиндээ идээ будаанаасаа хувь хишиг хүртээж, өрх бүлээрээ ургийн баяраа хийж, төрөл саднаа мэдэлцэх,
- Эртнээс нааш ирсэн зочноо идээ ундаагаараа дайлан гаргаж, түүгээрээ хувь хишиг хүртээж ирсэн уламжлалаа даган, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хүнсний аюулгүй бүтээгдэхүүн, бэлгэдлийн чанартай соёлтой бэлэг барих замаар гадны бараа бүтээгдэхүүнээр бэлэг өгдөг зуршлаас татгалзах
Эхийн цагаан сүүгээ амлан өссөн эрхэм хүндэт иргэн та Цагаан сэтгэлийн бэлэгдэл, цаглашгүй их баяраараа айргаа сөгнөн, архинаас татгалзан аятай, эвтэй сайхан баярлана гэдэгт итгэлтэй байна.
Хүндэстгэсэн
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.БАДРАЛ