
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт шилжүүл гэсэн шаардлага тавьсан ч хүнд ялтанг эмнэлэгт шилжүүлдэггүй журмын дагуу шилжүүлэхээс татгалзаад байсан юм. Гэхдээ МАХН-ын Нарийн бичгийн даргаас Эрүүл мэндийн сайдын албан тушаалд очсон Н.Удвал шийдвэр гаргаж, журмыг хүчингүй болгосны дараа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаал буулгасан нь энэ аж. Үүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Дэд сайдын олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн” гэж үзэж байгаа гэнэ.
Интерполд хууль бусаар захидал бичсэн хэмээн буруутгагдан, Авлигатай тэмцэх газраас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа энэ хугацаанд тэрбээр ийн дахин эрх мэдлээ ашигласан үйлдэл гаргасан нь олны анхаарал татаж байна.