
-Сурагчдаас янз бүрийн хандив, хураамж авахыг хориглосон тушаалын хэрэгжилт хэр байна вэ. Гомдол, зөрчил гарч байна уу?
-Сайдын тушаал гараад бүх сургууль руу албан бичиг явуулахад сургуулийн удирдлагууд үүрэг болгон ажиллахаа мэдэгдсэн. Тушаалын цаадах хэрэгжилт хамгийн чухал. Одоогийн байдлаар сурагчдаас төрөл бүрийн мөнгө татаж байгаа тухай гомдол ирээгүй байна. Нэг хэсэг бол сургуулиуд байсхийгээд л мөнгө татдаг байсан нь нэлээд шүүмжлэлд өртдөг байлаа. Одоогоор бол тийм гомдол яаманд ирээгүй байна.
-Эцэг, эхчүүд элдэв мөнгө татаж байгаа талаар гомдоллохдоо сургуулийн захиргаанд л ханддаг шүү дээ. Шууд арга хэмжээ авахуулах байдлаар хаана хандаж гомдол гаргаж болох вэ?
-Тушаалын биелэлт, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг Боловсрол шинжлэх ухааны яамны 1209, Шинэчлэлийн Засгийн газрын 1111 дугаарын утсанд авч байна. Мөн сурагчдаас мөнгө татахгүй байх хориглочихсон тушаал нь байгаа учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ч хандаж болно.
-Сургалтын төлбөрөөс бусад бүх зориулалтаар мөнгө татахыг хориглоно гэдэгт анги засварын мөнгө хамаарах уу?
-Тийм ээ. Сар бүр анги засварыг тохижуулах зориулалтаар бидний хэлж заншсанаар ангийн фондийн мөнгө авах, анх элсэгчдээсээ татаас мөнгө татаж сургууль, цэцэрлэгтээ оруулах, хүмүүнлэгийн үйлсийн хандив, тусламжийн мөнгө цуглуулах, сургуулиараа бөөнөөрөө тоглолт үзэх зэргээр билет шахах зэргийг бүгдийг нь хориглосон. Салбарын сайдын тушаал учраас ирэх дөрвөн жилдээ үргэлжилнэ гэсэн үг. Мэдээж чухал гэж үзвэл сунгагдаад явж ч болно.