Түрээсийн гэрээний эргэлтийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Түрээсийн гэрээний эргэлтийг өөрчилнө

Монголчууд юм л бол "Магнайд матна" гэж айлгадаг болж. Өөрөө ч үүнд гайхдаг гэнэ. “Эхнэр нөхөр хоорондоо муудалцвал над руу утасдаж гомдоллох нь холгүй байна даа” гэх зэргээр наргиан хийв. Үүгээрээ тэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь элдэв дэл сул хэл яриаг өлгөж хөөцөлддөг байгууллага биш гэдгийг тайлбарлаж буй юм. Харин О.Магнай энэ удаа түрээслүүлэгчидтэй  албан ёсоор нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцсон нь инфляци хэмээх “мангас”, үнийн өсөлтийн эсрэг гарц хайж байгаа бас нэгэн ажил юм байна. Энэ удаагийн уулзалтад нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төв, зах, дэлгүүрийн удирдах хүмүүс, төлөөлөл болох 20 гаруй хүн оролцов. 

Хүчээр бус уриалгаар асуудлыг шийдье,тэгэх үү?

Уулзалтын учрыг О.Магнай ингэж тайлбарлаж байна:

-Олон жилийн дунджаас үзэхэд манай улсад оны эхний 1-4 сарын үед бараа бүтээгдэхүүний  үнэ эрчимтэй  нэмэгдэж, жилийн өсөлтийн  70-80 хувийг эзэлж байна. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь түрээслэгчдийн түрээсийн гэрээ жил бүрийн  нэгдүгээр сарын 1-нээс эхэлдэгтэй холбоотой юм. Өнгөрсөн жилийн ашиг орлогоо тооцоод, үнийн өсөлтийг түрээсийн гэрээнд тусгадаг. Ингэхээр үнэ өсөх шалтгаан болж, ард иргэдэд  баяр ёслолын  өмнө дарамт учруулдаг. Баярын өмнө хэрэглэгчийн худалдан авалт, зайлшгүй худалдан авах сэтгэл зүйг далимдуулж үнэ нэмэх шалтаг шалтгаан хайдаг болох нь ажиглагдаад байгаа юм. Тийм болохоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уриалга гаргахаар шийдлээ. Тухайн жилийн түрээсийн гэрээг жил бүрийн зургадугаар сарын 1-нд хийх боломж бий эсэх талаар түрээслүүлэгчдээс асууж байна. Монгол Улсын жилийн инфляцийн түвшин 10-15 хувьд хүрч байгаа гэхээр нийт эдийн засаг 10 триллион төгрөг болдог. Үнийн өсөлтийн улмаас жилдээ иргэдийн халаасаас 1,5 триллион төгрөг “хулгайлж” байна гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70-80 орчим хувь нь импортоор орж ирдгийг та бүхэн мэдэж байгаа. Үнийн зохицуулалтад мэдээж төр засаг оролцох боломж байхгүй. Тийм болохоор эх оронч сэтгэл гаргавал ямар вэ гэж уриалж байна” гэлээ.

Оны эхэнд бүх зүйлийг төлөвлөдөг “зан” дарамт үүсгэдэг

О.Магнайгийн энэ уриалгыг хэрэгжүүлснээр ямар эерэг нөлөө гарах  эсэх талаар Монгол банкны Мэдээлэл статистикийн газрын дарга Х.Мөнхбаяр хэлэхдээ:

-Монгол банкнаас Засгийн газартай хамтраад нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрэлтээсээ өндөр гарснаар инфляци бий болдог. Түүний эсрэг мөнгөний бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээг өмнөх жилүүдэд авч байсан бол өнгөрсөн оны аравдугаар сараас Засгийн газартай дөрөв, таван хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд инфляцийн хүчин зүйлүүдийг эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай  гэж хуваагаад зах зээлийн механизмыг сайжруулах, үнийн дарамтыг бууруулах замаар нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулж болно гэж үзэж байгаа.  Нийлүүлэлтийн гаралтай инфляцид нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь түрээсийн үнэ болоод гэрээний асуудал юм. Түрээсийн гэрээг оны эхэнд байгуулахаар үүсэх сөрөг үр дагавар, дарамт нь оны эцэс хүртэл үргэлжилдэг. Тиймээс бүх зүйлийг оны эхэнд төлөвлөхөө болиод жилийн дунд үеэр гэрээгээ байгуулах саналыг түрээслүүлэгчдэд гаргаж байгаа юм. Судалгаанаас үзэхэд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гол шалтгаан нь түрээсийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой байдаг. Тийм болохоор цаг хугацааны хувьд эдгээр хүчин зүйлийг зөрүүлэх арга хэмжээ авч болно“ гэлээ.
 

      Уриалгыг дэмжиж байна, гэхдээ…  

Түрээсийн жилийн циклийг цаг хугацааны хувьд зөрүүлэх боломжийг энэ уулзалтаар шийдэх ёстой. Өөр онцгой шалтгаангүй, зүгээр л шинэ онд гарангуут  аливаа зүйлийг бөөгнүүлэн төлөвлөчихдөг гэм биш зан төлвийг өөрчлөх саналыг О.Магнай түрээслүүлэгчдэд ойлгуулахыг хүсчээ. “Нарантуул”, ”Бөмбөгөр”, ”Шөнийн зах”, “Барс”, “Хүчит шонхор”, ”Баянзүрх“ зэрэг худалдааны томоохон төв, захуудын төлөөлөгчдийн хэлснээр гэрээг оны эхэнд бус дунд үеэс эхлэн байгуулж болох гэнэ. ШӨХТГ-ын энэ уриалгыг зөвшөөрч, харин түрээсийн үнийг дуртай үедээ нэмдэг гэсэн яриаг тэд үгүйсгэв. Тухайлбал, задгай худалдааны гол төв болох “Нарантуул” захын түрээсийн үнийг 1999 оноос хойш нэг ч удаа нэмээгүй гэнэ. “Харин өнгөрсөн оны долдугаар сард 10-20 мянган төгрөгөөр нэмсэн нь бараг “түүхэн”-дээ анх удаа гэж хэлж болно” гэж тус захын төлөөлөгч онцолсон. Үндэслэлгүйгээр үнэ нэмдэггүй гэдгээ түрээслүүлэгчид энэ үеэр тайлбарлаж түрээсийн жилийн гэрээний циклийг өөрчлөх санал гаргасан О.Магнайгийн уриалгыг бүгд хүлээж  авсан юм.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж