
Нийслэлийн гэр хороололд амьдардаг хүмүүст агаарын бохирдлоос гадна орчны бохирдлын асуудал тулгардаг. Түлээ нүүрсний үнс, нурам, шингэн хог гэгддэг угаадаснаас эхлээд орчныг бохирдуулагч мундахгүй. Тиймээс ч гэр хороололд амьдардаг айл өрхүүд орон сууцныхнаас 500 төгрөгийн хураамж илүү төлдөг. Орон сууцны нэг өрх сард 2000 төгрөг төлдөг бол гэр хорооллынх 2500 төгрөг төлдөг. Харин аж ахуйн нэгжүүд гаргасан хогны хэмжээнээс шалтгаалаад тариф нь өөр өөр байдаг байна. Энэ бүх төлбөрийг нийлүүлэн тооцвол жилд 8-10 тэрбум төгрөг төвлөрнө. Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөө цаг тухайд нь өгдөггүйгээс нийт мөнгөний тавь орчим хувь буюу 4-4,5 тэрбум төгрөг л цугладаг ажээ. Үүнээс үүдэн хог тээвэрлэх хугацаа уртасч, хур хог үүсдэгийн дээр гэр хорооллынхон гуу жалга руу хогоо зөөхөд хүрдэг. Тиймээс нийслэл хотыг 18 бүсэд хуваан хог тээвэрлэх байгууллагыг сонгон шалгаруулдаг болсон байна. Шалгаруулалтад 23 компани оролцсоноос 15-г нь сонгон шалгаруулжээ. Эдгээр байгууллага нь гэр хорооллын хогийг сард хоёр удаа тээвэрлэхээр гэрээ байгуулсан байна. Тиймээс иргэд тогтсон хугацаандаа хогоо тээвэрлэхгүй байгаа газрын мэдээллийг нийслэлийн удирдлагуудад дуулгавал хариуцлага тооцон ажиллах юм байна.
Д.ЦЭЭНЭ